Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтэй хүмүүс баруун этгээдийн долоон аймгаар “зорчоод” ирсэн тухайгаа тайлагнав. Тэднийг ажиллаж явах үед орон нутгийн засаг захиргааны байгууллагынхан эзгүй байсан гэнэ. Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд 60 сая төгрөг өгсөн тул засаг дарга нар нь чонын авд явчихсан байж. Дараа нь тэд төв талбайдаа 200 гаруй чоно дэлгэн харуулсан гэнэ. Баянхонгор аймагт очиход хоёр телевизийнх нь сурвалжлагчдыг нь Г.Занданшатар сайд дагуулаад цэргийн тангараг өргөх ёслолд оролцож явсан байна. Түүнээс наашхи аймгийн дарга нар МАН-ын Бага хуралд оролцохоор хотыг зориод эзгүй байсан аж. МАХН-ынхан Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай, Говь-Алтай, Завхан аймгийн иргэдтэй уулзжээ. Тэд намынхаа анхан шатны нэгжүүдийг орон нутагт байгуулж, гишүүддээ намын батлах гардуулсан гэнэ. Үүнийгээ тэд өдрөөс өдөрт манай намын хүрээ тэлж байна гэж тодорхойллоо. Мөн баруун этгээдэд зорчих үеэр тус намын дэргэдэх судалгааны төв иргэдээс санал асуулга авахад ийм дүр зураг харагдсан гэнэ.
1. МАХН ба МҮАН-аас санаачилсан “Өргүй монгол” санаачилгыг та дэмжиж байна уу? /Тийм – 84%/
2. МАНАН-гийн баталж байгаа сонгуулийн хуулиар ирэх оны сонгууль шударга болно гэж бодож байна уу? /Тийм-29, Үгүй-48, Мэдэхгүй-23 хувь/
3. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж албан тушаалаасаа огцорч шалгуулах нь зөв үү? /Зөв-66 хувь, Үгүй-3 хувь, Мэдэхгүй-31 хувь/
4. 2012 оны сонгууль оролцох уу? /Тийм-76 хувь, Үгүй-13 хувь, Мэдэхгүй-9 хувь/
5. Та маргааш сонгууль болвол аль намд өгөх вэ? МАН-16, АН-8, МАХН-53, Бусад-2, Мэдэхгүй-21 хувь/ гэж танилцуулсан юм.
Н.Удвал дарга хэлэхдээ “2007 онд намын даргаар сонгогдсон С.Баяр “МАН ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялна гэсэн зорилт тавилаа” гэж хэлсэнийх нь дараа долдугаар сарын нэгэнд ард түмний өөдөөс буу, зэвсэг барьж таван хүний амь нас хөнөөсөн. Тиймээс өнөөдрөөс эхлээд Монголын ард түмэндээ МАХН онцгой анхааруулъя. Ингэж ярьж байхад тэднийхээр бид сонгууль явуулах уу үгүй юу гэдэг асуудал ч босч ирэхэд хүрч байна” гэв. Монголын үндэсний шударга ёсны тогтолцоо уналтад орсныг МАХН шүүмжилж, анх удаа ХЗДХ-ийн сайдын асуудлыг сөхсөн гэнэ. “Хуулийн чиглэлээр ажиллаж байгаа бүх байгууллагад бид хандаад байна. Цаашид төрийн томчуудын гэмт үйлдэл, булхайг илчлэхэд үндэсний шударга ёсны баталгаа болсон шүүхийн байгууллага, прокурор, ЦЕГ, АТГ гээд байгууллагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг тавих болно. С.Батболд өөрсдийн өрсөлдөгчөөр АН-ыг биш манай намыг нэрлэсэн нь МАХН хүчирхэг нам гэдгийг баталсан албан ёсны дүгнэлт гэж ойлгож байгаа. Монгол эх орноо хамгаалах, өмгөөлөх хүсэл зорилготой хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж, хүчээ тэлж байгаа тул зөв тодорхойлолт хийсэн” гэж хэвлэлийн бага хурал хийлгэсэн МАХН-ын удирдлагууд ярилаа.
Б.Ганбилэг





















































