-СЕХ-ны дарга Н.Лувсанжав сонгуулийн хуулиа ойлгоогүй байна-
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн санал авах автомат төхөөрөмжийг СЕХ-ноос танилцууллаа. Ирэх УИХ-ын сонгуулийн санал авах, тоолох, дүнг нэгтгэх бүх үйл явцыг автомат төхөөрөмжөөр гүйцэтгэхээр хуульд тусгасан. Харин төхөөрөмжөөр санал авах боломжгүй болсон зайлшгүй тохиолдолд зөөврийн хайрцаг явуулахаар болсон билээ. Гэтэл СЕХ-ныхон Төрийн байгуулалтын байнгын хороонд сонгуулийн саналын автомат машин бус банкинд хэрэглэдэг, цаасан дээрхи мэдээлэл нэгтгэж цуглуулах зориулалт бүхий скайнер танилцууллаа.
Учир нь ажлын хэсгийн сонгосон автомат төхөөрөмжийг үйлдвэрлэсэн Америкийн компани гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрөөгүй хэмээн СЕХ- ны дарга Н.Лувсанжав тайлбарлав. Энэ скайнерыг сонговол сонгогчийн саналыг хайрцганд хийлгэж аваад дараа нь саналын хуудсуудыг скайнер руу хийж дүнг нэгтгэх аж. Үүнийгээ СЕХ хамгийн энгийн, найдвартай хэмээн тодорхойлж байв. Энэ нь СЕХ санал авах, тоолох, дүнг нэгтгэх ажиллагааг холбоо мэдээллийн техник технологийг ашиглана гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аас СЕХ-г нисдэг тэрэг аваад ир гэсэн үүрэг өгч байхад онгоцны компанитай тохирсонгүй. Тиймээс машин аваад ирлээ. Та нар өөрсдөө далавч хийчих гэж байгаатай адил сонсогдож байгаа юм. Сонгуулийн автомат систем гэдэг нь нууцлал, бүртгэлтэйгээс гадна өөрийн гэсэн сертфикаттай байдаг байна. Мөн дэлхийн олон оронд хэрэглэдэг автомат машиныг хэрэглэсэн сонгуулийг олон улсад хүлээн зөвшөөрдөг аж. Гэтэл дээрх шаардлагуудын алийг нь ч хангаагүй ердөө банкинд хэрэглэдэг скайнераар сонгуулиа хийсэн дэлхийн ганц улс Монгол болох нь. Хууль зөрчсөн хуудуутай алхам хийсэн Н.Лувсанжав дарга харин Сонгуулийн тухай хуулийг өнөөдрийг хүртэл бүрэн ойлгоогүйгээ өчигдөр баталж байв. Тэрбээр хуульд санал хураах машинд хуудсыг шууд хийнэ гэсэн заалт байхгүй, төхөөрөмж болон хайрцагны аль нэгэнд гэж тусгагдсан хэмээж гишүүдийг цочроов. Уг нь саналын хуудсыг төхөөрөмжинд хийж өөрийн биеэр ирэх боломжгүй өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хүмүүсийн саналыг хайрцгаар авахаар баталсан. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний гишүүн, сонгуулийг гардан зохион байгуулах байгууллагын удирдлага нь өнөөг хүртэл хуулиа ойлгоогүй байгаа энэ хүмүүст итгэл хүлээлгэх боломжгүй гэдгийг З.Энхболд гишүүн онцолж байлаа. Мөн тэрбээр "Сонгуулийн санал тоолох, хадгалах төхөөрөмж ол гэж байхад скайнер аваад ирсэн СЕХ-ны удирдлагуудыг хардаж байна. Энэ хүмүүсийг авилга авсан гэж үзээд АТГ-аар шалгуулна гэлээ. Мөн сонгуульд луйвар оруулж, долдугаар сарын нэгнийг давтах гэж байна хэмээсэн. Тус байнгын хорооны болон ажлын хэсгийн гишүүд энэ скайнерыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд хуульд заасан шаардлагыг хангахуйц автомат төхөөрөмжийг дахин санал болгох үүргийг СЕХ- даргад өглөө.





















































