“Ухаан муутай улс төрчдийн саналыг хурааж хас, Улаанбаатарын далбаа үнэтэй бүү хас... миний Монголын газар шороо бүрэн бүтнийг асууя, авилгал хээл хахууль үгүй болох уу асууя...”
-Фельетон-
“Ухаан муутай улс төрчдийн саналыг хурааж хас, Улаанбаатарын далбаа үнэтэй бүү хас... миний Монголын газар шороо бүрэн бүтнийг асууя, авилгал хээл хахууль үгүй болох уу асууя...” гэсэн хатуухан үгтэй, хатуухан ч гэж дээ заримд нь зөөлдсөн үгтэй нэгэн дуу “шүн шүн” радиогоор сонсож суутал түүнээс илүү сонирхол татахаар зүйл “сүн сүн” телевизээр гарч байна. Юу гэсэн чинь дандаа дарга байдаг мөнгөөр хийсэн алх ч бил үү, алтаар хийсэн хуяг ч бил үү нэг тийм нэртэй эрхэм “iPhone” илдэг долоовор хуруугаараа чичлэн амаа хөдөлгөөд байв. Радиогоо унтраан зурагтаа чангаллаа. Мань хүнийг овоо хөөрхөн юм ярьж байна уу даа гэж амных нь хайрцгийг ажсан ухаантай юм. Гэтэл “том биш ч хурдан, жижигхэн, хөөрхөн ерөнхийлөгч маань 95 онд би тийм дарга биш ээ, 97 бас тийм дарга биш ээ юу бил ээ, алив туслах” гэтэл тээр доороос 9, 6 гэж дохисон бололтой “аан тийн 96 онд засгийн газар огцорч байсан” гээд л аваад хаячихсан. Илтгэл цааш үргэлжилсээр шүлэг, яруу найраг болов. Урд орой нь мартагдахыг хүсдэггүй янз бүрийн сургаал хэлээд явдаг дэддүгээр ерөнхийлөгч маань “Улс төрч хүн ярих урлаг гайхалтай байх ёстой” гэж хэлж байсныг санаад, Мөнгөналхтай харьцуулан бодтол нээрээ ч тийм юм шиг. Арай хийн дуусгаад удирдах ёстой хүмүүсийн нэг бололтой нэгэн залуу руу урд орой нь тохиролцож хөлийн үсэг зуралцсаны дагуу нүд ирмэв. Нөгөөх нь ч “би явлаа баяртай битгий намайг дуудаарай...” гэж гар далласаар гарч одов. Мөнгөналх “iPhone”-оо илсээр.

Бүх зүйл хуваарийн дагуу явж байтал “гай газар доороос, жудочин суудал дундаас” “Эдийн засгийн алуурчин” ч гэнэ үү нэг зузаан ном барьж гарч ирснээ “бизнес мэдээ” биш ам асууж эхлэв. Манайх одоохондоо Хойд Солонгос биш, бусад сайдуудтайгаа ярилцалгүй шийдвэр гаргасан, тэгснээ зөвлөлдсөн гэж бөгс нь ч улайхгүй ярих юм. Хамааралгүй хүмүүс оруулж ирсэн яагаад байгаа юм, улайдаггүй бөгсөө даргын суудлаас ховхол, наалдан пададчихсан юм уу хаашаа юм гээд л нилээн юм болов. Мөнгөналх “iphone”-оо илсээр.
Жудочны дараа цэрэг гарч ирэв. За бас л янз бүрийн юм ярив. Мөнгөналх “iPhone”-оо илсээр.
“Үзэгчид”-ийн суудалд сууж байсан нөхдөөс хөөс сахруулан гүйсээр хөрөнгийн бирж дээр хөөрхөн ашиг хийчихдэг, хөөрхөн бор хувьсгалч залуу “салхи хагалж” ам асуув. Дараагаар нь гурван бүсгүй ээлж дараалан босч нэг дэх нь ам асууж, хоёр дахь нь амьдралаа асууж, гурав дахь нь амрагаа асуув. Мөнгөналх “iPhone”-оо илсээр.
Морь цагаас тахиа цаг хүртэл үргэлжилсэн хурал дуусахад улайдаггүй бөгс ховхрохгүй болов. Мөнгөналх хүмүүстэй гар барин “iPhone”-оо илсээр гарч одов.
Б.Ням





















































