-
2015 оны 12 сарын 15
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж хоёр асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуралдаан даргалагч танилцуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа байнгын хорооны хуралдаанаас тус бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдсэн юм.
Байнгын хорооны дарга Д.Ганбат, МАН-ын бүлэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээллийг сонсох асуудлаас өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан учир энэ удаад завсарлага авах боломжгүй хэмээлээ. Тэрбээр хэлэлцэж буй асуудлаас завсарлага авч болох бөгөөд Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авдаггүй болохыг мөн сануулж хэлсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж дээрх асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ингээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан мэдээллийг сонсох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тус комиссын дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт болсон хуралдааны үеэр Комиссын мэдээллийг танилцуулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, ял шийтгэл эдэлж байсан иргэнд өршөөл үзүүлсэн шийдвэрийн хэлбэршилт ямар байгааг тодрууллаа. Өмнө нь Комисс шийдвэрээ гарган өршөөл үзүүлж байсан. Энэ удаад УИХ-ын нэрийн өмнөөс Комисс шийдвэр гаргасан уу, шүүх гаргасан уу гэж лавласан. Мөн тэрбээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтуудыг хэрхэн хэрэглэж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Комиссын дарга Д.Ганбат, өмнө нь гарсан 5 удаагийн өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхдээ уг хуулийг хэрэгжүүлэх Комисс шийдвэрээ гаргаад өршөөл үзүүлж ирсэн гэлээ. Харин энэ удаад хуулийг хэрэгжүүлэх Комисс асуудлыг хэлэлцээд шүүхээр ороод ял шийтгүүлсэн хүмүүсийг өршөөх асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн хариулсан юм.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д заасан ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, 4.2-т заасан хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүмүүсийн гүйцэтгээгүй ялыг өршөөн хэлтрүүлэх, 5.1-д заасан ялаас хасах, 7.1-д заасан ялыг хэрэгсэхгүй болгох гэсэн 4 заалтыг шүүх хэрэгжүүлсэн. Энэ 4 заалтыг шүүгчийн захирамжаар хэрэгжүүлсэн хэмээн нэмж хариуллаа.
Комиссын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Энэхүү асуудлын дараа Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын холбогдох албан тушаалтнуудаас гишүүд мэдээлэл авч, байр сууриа илэрхийллээ хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 15
Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг баталлаа. Улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, 2016 онд ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Энэ чиглэлийн авто замын 31.7 км урттай трасс нь Яармагийн товчооноос Түргэний голын гүүр, Бөхөгийн хөтөл, Хөшигийн хөндий гэсэн чиглэлтэй байна. Авто замын барилгын хязгаарлалтын талбай нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутгийг дайран өнгөрөхдөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа зарим нэгж талбайтай давхцаж байгаа ч хурдны зам нь үндэсний бүтээн байгуулалтад хамаарах учраас шаардлагатай газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 15
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хураан аваад байна. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард хэт халсан нь гангийн нөхцөлийг үүсгэсэн юм. Ургац хураалтын ид үед газар тариалангийн нийт бүс нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсны зэрэгцээ ургацын хаягдлыг нэмэгдүүлж, урьдчилан тогтоосон үр тарианы баланс ургац хураалтын эцсийн дүнгээр 20 орчим хувиар буурлаа. Улсын хэмжээнд ирэх хаврын тариалалтад зориулан 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд үүнд 48 мянган тонн үр тариа шаардлагатай байгаа юм. Дараа оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 20.8 мянган тонн, Улсын нөөцийн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан 7.2 мянган тонн, нийт 28 мянган тонн үрийн нөөц бүрдүүлжээ. Хаврын тариалалтад дутагдаж байгаа 20 мянган тонн буудайг 2016 онд импортох зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргаад байна. Импортоор оруулах үрийн улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тохиолдолд 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм.
-
2015 оны 12 сарын 15
2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна. Гэвч 12 дугаар сарын 14-ний байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см /нягт 0.12-0.24 см/ -т хүрээд байна. Цаашид ч зарим аймгийн сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас Засгийн газраас дээрх аймгуудад улсын нөөцөөс буцалтгүй тусламжаар өвс олгон, тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулж, хүн эмнэлэг, шуурхай албыг хэрэгцээт автомашинаар хангах “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхтэй холбогдуулан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, холбогдох аймгуудад хуваарилан олгохыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт зөвшөөрлөө. Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах, олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан, холбогдох баримтын хамт гүйцэтгэлийн тайланг гаргаж 2016 оны 2 дугаар улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт, улсын төсвөөс олгосон өвс, тэжээл, автомашиныг мөн тус хугацаанд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо.
-
2015 оны 12 сарын 15
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкинд өнгөрсөн ням гаригийн өглөө 10 цагийн үед баг өмсөж буу барьсан дээрэмчид халдаж их хэмжээний мөнгө хулгайлаад зугтсан хэрэг гарсан билээ. Хэргийг төрсөн ах дүүс болох Э, Б нар үйлдсэн бөгөөд тэднийг өчигдөр 12 цагийн үед “Түндэмүн саун”-аас баривчилсан билээ. Тэднийг 360 сая төгрөг хулгайлсан гэж яриад байсан бол тэд 424 сая төгрөг хулгайлжээ.
Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн этгээдүүд нийт 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд дээрмийн гэмт хэргээ үйлдэхдээ ашигласан автомашинаас 394 сая төгрөг, ломбарданд тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг эд мөрийн баримт болгон хураан авч банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгожээ.
-
2015 оны 12 сарын 15
“Мах хөтөлбөр”-ийг баталлаа
-
2015 оны 12 сарын 15
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан чиг үүргийн хүрээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн дарга, захирал, эрхлэгч нарт хандаж Зөвлөмж хүргүүллээ.
Уг Зөвлөмжид “Албан тушаалтан нь өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргах, хяналт шалгалт хийх, захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохоос аль болох зайлсхийх, хуульд заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд харъяалах байгууллага, албан тушаалтанд бичгээр тайлбар гаргаж хэвших; шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан шагнал урамшуулал, дэмжлэг, тусламж авах зэрэг өөртөө холбогдох аливаа шийдвэрийг гаргахын өмнө дээд шатны байгууллага, албан тушаалтан /томилох эрх бүхий субъект/-д заавал мэдэгдэх буюу мэдэгдэл гаргасан байх, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг хүлээн авсан дээд шатны байгууллага, албан тушаалтан нь тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэхийг нэн даруй шийдвэрлэж байх; “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” болон “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тухай тайлбар”-ын нээлттэй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авах; авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг томилохдоо хуулиар хүлээсэн үүргийг сайтар танилцуулах, шаардлагатай тохиолдолд сургалтад хамруулах гэсэн 4 чиглэлийг онцгойлон тусгажээ.
Авлигатай тэмцэх газраас 2014-2015 онд 13 аймаг, 175 сум, нийслэлийн 7 дүүрэг, зарим яам, агентлаг, байгууллагад ажиллах явцад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг нийтийн албан тушаалтнууд дагаж мөрдөхгүй байх явдал түгээмэл байгаал үндэслэн уг Зөвлөмжийг хүргүүлсэн байна.
-
2015 оны 12 сарын 15
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр Баян-Өлгий аймгийн Өлгий, Цэнгэл суманд албан томилолтоор ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явууллаа.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Күмисханыг холбогдох хууль тогтоомж зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад томилсон нь шалгалтаар тогтоогдсон тул тус аймгийн Засаг даргын 2014 оны А/409 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, 2015 оны Б/588 дугаар захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Пернегүль, Ногооннуур сум дахь сум дундын эмнэлгийн ерөнхий эмч А.Мухтар нарт албан тушаалын цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Баян-Өлгий аймгийн удирдлагуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах үүрэг, чиглэл өгөв.
-
2015 оны 12 сарын 15
Баянзүрх дүүргийн прокурорын газар харьяа Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулахад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн нэг шийдэлд хүрэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор 2015 оны 12 сарын 09, 10-ны өдрүүдэд хамтарсан зөвлөгөөн хийжээ.
Зөвлөгөөний хүрээнд Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/01 дугаартай “Ажил сайжруулах тухай” үүрэг, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид хийх ажлын талаар ярилцаж, санал бодлоо солилцон тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг тооцож ажиллахаар тогтжээ.
-
2015 оны 12 сарын 15
2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 504 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 406 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-6, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 12 сарын 15
Гал түймрийн улмаас 2-16 насны гурван хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны Ногоочдын хоёрдугаар гудамжийн ... тоотод иргэн Х-ийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагаНийслэлийн онцгой байдпын газарт өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагийн өглөөний 07:29 . цагт иржээ. Дуудлагын дагуу гал унтраах, аврах 29 дүгээр ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж галыг унтраасанбайна. Харамсалтай нь уг галд 16 настай, эмэгтэй Б, дөрвөн настай, эмэгтэй Э, хоёр настай, эрэгтэй Э нар галд өртөж нас барсан аж. Тэдний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
-
2015 оны 12 сарын 15
Хордлого авсан хүүхдүүдийн шинжилгээний хариу гараагүй байна
Увс аймгийн Тэс сумын сургуулийн дотуур байранд хоолны хордлогот халдвар гарч, 14 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Одоо 10 хүүхэд гадуур хяналтад байгаа бол дөрөв нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.Аймгийн мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан баг ажиллаж, дэгдэлтийнсудалгаа хийн, лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байгаа бөгөөд одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.
-
2015 оны 12 сарын 15
Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тус үйлдвэрийн албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орой хамт архи ууж байгаад нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажил явагдаж байна. Санамсар, болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Харин эл хэргийн талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга н.Цогтбаатар “Хоорондоо нөхөрлөдөг найзууд ажил тараад нэг газар сууцгаасан юм билээ. Энэ үеэр маргалдаж байгаад нэгнийхээ аминд санамсаргүй байдлаар хүрсэн золгүй явдал гарсан. Хуулийнхан энэ хэргийг шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан манай ажилтныг цагдан хорьсон. Тэд юунаас болж, маргалдсан гэдгийг хуулийнхан тогтоох байх” хэмээсэн байна.
Талийгаач залуу Б нь 33 настай бөгөөд тус үйлдвэрт Үйлдвэрийн шугам, сүлжээний хэлтсийн даргын албыг хашдаг байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамт архи ууж байсан ажилчид хоорондоо маргалдан, улмаар талийгаачийг цохих үед хурц ирмэгтэй зүйл мөргөн улмаар алма алдсан гэх мэдээлэл байна.
Одоогоор уг хэрэгт холбогдуулан хамт байсан ажилчдыг нь шалгаж эхэлжээ.
-
2015 оны 12 сарын 15
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг маргааш 18:20 цагаас асаана. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.
Мөн дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрийн Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран “Нутгийн удирдлага: Сорилт-шийдэл” Үндэсний чуулганыг 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Энэхүү чуулган нь Монгол улсын Нийгмийн харилцааны тулгуур хуулиудын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед Нутгийн удирдлагатай холбоотой асуудлуудыг хэлэлцэх талбар бий болгох, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, шийдлийг гаргах зорилготой юм.
Чуулганаар нутгийн удирдлагатай холбоотой хуримтлагдсан асуудлуудыг хэлэлцэх, улмаар Улсын Их Хурлын төвшинд хийгдэж буй Үндсэн хуулийн болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажилтай холбогдуулан бодлогын хувилбарууд, шийдлийг хэлэлцэж, нэгдсэн зөвшилцөл бий болгоход хувь нэмэр оруулах, хууль тогтоогчдод зориулан нэгдсэн зөвлөмж гаргахад чиглэж байна.
-
2015 оны 12 сарын 15
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн 7 дүүргийн 52 байршил бүхий 153 09 га газарт иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг 2014 оноос эхлэн нийт 4 удаа зохион байгуулсан.
Өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 14-ний 12:00 цагаас эхлэн 5 дугаар ээлжийн цахим газар өмчлөл эхэлж, 7 дүүргийн 32 байршилд 7 449 нэгж талбарт газар өмчлөх хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг нэвтрүүлээд байна. Тус аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээх юм.
Үүнээс гадна Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үзүүлдэг бүхий л үйлчилгээний талаарх мэдээллүүд болох газар эзэмших ашиглах тухай мэдээлэл, газрын төлбөрийн мэдээлэл, Нийслэлийн өмчит барилга байгууламжийн түрээсийн талаарх мэдээлэл, газар эзэмшихэд бүрдүүлэхэд шаардлагатай материал гэх мэт мэдээллүүдийг авах боломжтой юм.
Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. Иргэн та App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаарай гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 15
Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах бэлтгэл ажил явагдаж байна. Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тус төвийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын зүүн талд, “Дүнжингарав” худалдааны төвд 2800 м2 талбайд байрлана.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй төрийн албан хаагч ажиллана. Мөн зарим үйлчилгээний төлбөрийг шууд тушаахаар зохицуулж Улаанбаатар, Голомт банкны салбарыг байгуулжээ. Нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Тус төв иргэдэд дараахь боломжуудыг олгоно.
-200 гаруй төрийн үйлчилгээг нэг дороос авах
- 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах
- Оршин суугаа харъяаллаар хязгаарлагдахгүйгээр үйлчлүүлэх
- Уртасгасан цагаар үйлчилгээ авах
-Тохилог орчинд үйлчлүүлэх
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдсанаар төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээ илүү ойртож, нөгөө олон жил яригдаж байнга шүүмжлүүлдэг хүнд суртал огт үгүй болно. Энэ миний 25 жил мөрөөдсөн мөрөөдөл. Өөрөөр хэлбэл ямар ч иргэн энэ төвд ирээд өөрийн хүссэн үйлчилгээгээ шууд авах, урт хугацаа гэхэд 12 цагийн дотор олгох боломтой болж байгаа юм. Хамгийн гол энэ төв хэн нэгний захидлыг дарга руу зөөдөг бус тухайн иргэнд шууд олгодог байх төрийн үйлчилгээний шуурхай зарчимд бид шилжихээр зорьж байна” хэмээн онцлон хэлсэн юм.
Нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвийн дарга О. Мөнх-Оргил “Манай төв нь байгуулагдаж, үйл ажиллагааг нь жигдрүүлснээр иргэд дэлгүүрээс өөрт хэрэгцээтэй зүйлээ төлбөр төлж ямар бэрхшээлгүй авдаг шиг төрийн үйлчилгээг шууд авдаг болж байгаагаараа давуу талтай. Нэг үгээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, менежментийг цогцоор нь сайжруулж, төрийн байгууллага цосхон, чадварлаг, мэргэшсэн бүтцээр ажиллах бололцоог бүрдүүлж байгаа юм. Бидний төлөвлөж байгаагаар 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 15
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, дайсныг номхотгох зэрэг хатуу үйл, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.
-
2015 оны 12 сарын 15
2015 оны 12 дугаар сарын 14-ний 20 цагаас 12 дугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 14
2015 оны 12 дугаар сарын 4-нөөс 6-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Э.Б нар нь гэртээ харих замдаа сэжиг бүхий 2 этгээдэд гар утас, мөнгө, бусад эд зүйлсээ дээрэмдүүллээ гэсэн мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид гэмтнүүдийг шуурхай эрэн сурвалжлан баривчилж, гэмт этгээд Ц.Э.Н нар болохыг тогтоон, сэжигтнээр холбогдуулан шалгаж байна.