
Хурлын эхэнд МАХН-ын ЕНБД Н.Удвал “МАХН-ын дарга, Монгол Улсын Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн сэдлээр, хууль бусаар баривчлагдан саатуулагдсанаас хойш 14 хоног болж байна. Монголын төрөөс зохион байгуулсан зэрлэг балмад энэхүү баривчилгаа нь НҮБ-ын Хүний эрхийн конвенци, Монгол Улсын Үндсэн хууль, бусад олон хууль тогтоомжуудыг зөрчсөн тухай Монгол Улсын Хүний эрхийн үндэсний хороо дүгнэлтээ гаргачихаад байхад, МАХН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Ерөнхий Прокурор, Авилгатай тэмцэх газар зэрэг холбогдох байгууллагуудад янз бүрийн шугамаар хандаж хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулахаар хүссэн боловч одоо болтол ямар ч үр дүнд хүрэхгүй байна.
Энэ бүхэн нь Монгол Улсад өнөөдөр төр засаг, шудрага хууль хяналтын байгууллага, төрийн албан хаагчид байхгүй болж, Монголын төрийг хувалз шиг шимэн амьдарч, улс орон, ард түмнээ хөсөр хаясан МАНАН хэмээх нам дамнасан олигархиудын гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладаг, улс төрийн өшөө хонзон авах ажиллагааг нь гүйцэлдүүлдэг байгууллага, албан тушаалтнууд болж хувиран төрийн нэр хүндийг унагаж, төр ард түмний амин холбоог таслахад хүргэж байгааг буруушааж байна.
Монгол төрд хууль бусаар шургалсан МАНАН-гийн олигархиуд гаргасан алдаагаа засаж залруулж, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн оронд өөрсдийнхөө хэвлэл мэдээлэлд тогтоосон давуу эрхээ ашиглан илтэд гуйвуулсан, буруу ташаа, хууль зөрчсөн мэдээллийг олон давтамжтай цацан улс төрийн сэдлээр албадан саатуулсан гэдгээ үйлдэл бүрээрээ нотлон харуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзсан уулзалтан дээрээ хэлсэн үгэндээ “ ... авлигалд нэр нь холбогдсон хүн ахиж төрд орохгүй гэж мэдэгдэл хийх гэж байгаа бол би итгэнэ ...” хэмээн хэлсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрд дахин орохгүй бол цагдан хорихгүй байж болно гэсэнтэй агаар нэгэн боллоо хэмээн МАХН үзэж байна
2012 оны 4 дүгээр сар 26-нд МАХН-ын дарга Н.Энхбаярын цагдан хорих хугацаа дуусаж хуулиараа Төв аймгийн Цагдан хорих төвөөс суллагдах байлаа. Урьд нь хууль бусаар хийсэн баривчилгааг хүчингүй болгох ёстой байтал Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаж цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүйн тулд эрх баригчдын захиалгаар хийгдэж байгаа хууль бус үйлдэл хэмээн МАХН үзэж байна
Элбэгдоржийн дуу хоолой болсон Шаабар гээч сэтгүүлч МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдан хорих хугацааг сунгасны дараа Ирэх дөрвөн жилд Монгол улс МАНАН дунд амьдрах боллоо гэж мэдэгдсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдан хорьсноор эрх баригчид өрсөлдөгчөө дарлаа хэмээн тунхагласантай адилхан боллоо.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хэдийгээр цагдан хорих төвд хоригдож байгаа ч түүнийг болон МАХН-ыг дэмжиж байгаа ард иргэдийн дэмжлэг үерийн ус шиг тал талаасаа бүчин ирж байгаа энэ үед даргыг нь хорьсноор МАХН-ын үйл ажиллагаа тасалдана, сонгуульд амжилт үзүүлэхгүй гэж үзэж байгаа бол том эндүүрэл гэдгийг эрх баригчдад анхааруулахын зэрэгцээ МАХН нь үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж сонгуульд ялах бэлтгэлээ бүрэн базааж байгаагаа Та бүхэнд дуулгаж байна
МАНАН ч бай, БУДАН ч бай, олигархи ч бай, фашистч бай эх орон, газар шороо, ард түмнээ өмгөөлсөн МАХН-ын шудрага ёсны тэмцлэл, ард түмний дэмжлэгийг хэн ч зогсоож чадахгүй юм. Улс төрийн сэдлээр хоригдсэн, улс төрийн хоригдол болоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэн даруй суллахыг эрх баригчдаас шаардаж байна” гэв.
Үүний дараа МАХН-ын НБД Л.Цог “Монгол улсад шударга ёс алдагджээ. Хууль шүүхийн байгууллагууд улс төрчдийн захиалгаар үүрэг гүйцэтгэж, бусдыг улс төрийн захиалгаар шоронд хийдэг явдал гаарсан гэдгийг энэ явдал харууллаа. Одоогоос нэг сарын УИХ-ын гишүүн Х.Баттулга Ц.Нямдоржийн авлигын хэргийн талаарх маш ноцтой баримтыг АТГ-т өгсөн. Уг хэрэг нь авлигын хэрэг мөн болохыг АТГ тогтоогоод прокурорт шилжүүлэхэд маргааш өдөр нь уг хэргийг хүчингүй болгон хааж байсныг та бид мартаагүй. С.Батболдын авлигын хэргийн талаар материалыг мөн өгөөд тэр дороо л дарагдан хаагдсан. Гэм буруутай тэр нь тогтоогдсон хүмүүсээ АТГ хорьж барьж чаддаггүй атлаа ямарч гэмгүй хүнийг барьж хорьдог нь ямар учиртай юм бэ. Н.Энхбаярыг эрх баригчид улс төрийн зорилгоор шоронд хатаах хүсэлтэй байгаа гэдэг нь эндээс харагдаж байна. Тиймээс МАХН ирэх сонгуульд ялж байж л суллах ёстой юм байна. МАХН-ыг Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна” гэв.
Б.Чимэг