УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Сүүлийн 10 жилд төрийн албан хаагчдын тоо 39.3 хувиар өссөн. Төрийн үйлчилгээний захиргааны тусгай дөрвөн төрлийн албан хаагчдыг бүгдийг нь төрийн алба гэж үзэхээр эмнэлэг, сургуулийн тоогоор багш, ажилчдын тоо өсдөг. Ийм байдлаар явж ирсэн учраас энэ тоо өсчээ. Бид чиг үүргийн давхардал арилгах ажлыг хийж, зарим үйлчилгээг цахимд шилжүүлж, нэгтгэхээр 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн. Ингэснээр төр хэмнэлт хийсний үр дүнд эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд тооцох боломж бүрдсэн. Тэгээд бүх түвшинд тэгшитгээд есөн хувийн цомхотгол хийнэ гэсэн үг биш. Салбар дотроо чиг үүргийн давхардлаа арилгаж байна" гэв.