Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл
дор зохион байгуулагдаж буй өсвөрийн хөлбөмбөгчдийн фестиваль өчигдөр нээлтээ
хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбооны футзал болон мини хөлбөмбөгийн талбайд
45 байгууллагын 500 гаруй хөлбөмбөг сонирхогч охид, хөвгүүд оролцож байгаа
аж. U-8, U-10, U-12 насны ангилалд зохион байгуулагдаж буй уг фестиваль
29-ний өдөр өндөрлөх гэнэ. Оролцогч багууд I, II баг гэж хуваагдах бөгөөд
эхний 30 минутад хөлбөмбөгийн техникийг эзэмших дасгал хөдөлгөөнүүдийг давтах
бөгөөд үлдсэн 30 минутдаа өрсөлдөгч багтайгаа нөхөрсөг тоглолт хийхээр
болжээ. Тэмцээний зорилго нь уг спортыг өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх,
тэднийг багаас нь хөлбөмбөгт дуртай болгож, өв тэгш бие бялдартай тамирчин,
иргэн болгох ажээ.
Өмнө нь гурван жил дараалан энэ фестиваль тэмцээний хэлбэрээр явагдаж байсан бол энэ жилээс дэлхийн хөлбөмбөгийн холбооны фестивалийн хэлбэрээр анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж буй юм. Жил бүр зохион байгуулагдах уг баярын арга хэмжээ цаашид 21 аймаг, алслагдсан дүүргүүдэд болох төлөвлөгөөтэй байгаа аж. Монголын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар "Энэ баярт оролцож буй хүүхдүүд бүгд ялалтыг авах ёстой. Хөлбөмбөг тоглож байна гэдэг өөрөө маш том ялалт. Эдгээр хүүхдүүдийн хөлбөмбөг тоглох хүсэл дээр зөв техник олгох нь чухал. Өнөөдөр ирсэн хүүхдүүдтэй Монголын хөлбөмбөгийн түүх салшгүй хамаатай" гэсэн юм.