Ирак, Сирийн нутгийн ихэнхи хэсгийг эзэлж, хяналт тогтоогоод байгаа “Исламын улс” зэвсэгт бүлэглэл цөмийн зэвсэгтэй болно хэмээн мэдэгдсэн тухай барууны хэвлэлүүд онцолж байна. Алан хядагч бүлэглэлийн удирдагчид нэг жилийн дотор цөмийн зэвсэгтэй болно хэмээн өөрсдийн гаргадаг “Dabiq” сэтгүүлд “Бодит довтолгоо” нэртэй өгүүлэл нийтэлсэн байна.
Дэлхий нийтийг цочирдуулсан тус нийтлэлийг “Исламын улс”-д барьцаалагдаад байгаа Британийн иргэн Жон Кантлийн нэрээр тавьжээ.
Нийтлэлд “Исламын улс” бүлэглэлийн банкны дансанд тэрбум ам.доллар байгаа. Тэгэхээр тэд Пакистан дахь өөрийн эзэлсэн газар нутаг Вилайетэд орон нутгийн авлигад идэгдсэн түшмэлүүдээр дамжуулан цөмийн зэвсэг оруулж ирж чадна” гэж бичжээ. Үүнээс гадна бүлэглэл тэсрэх бодис бэлтгэхэд хэрэглэдэг аммоны нитрит хэдэн мянган тонныг авахад хөрөнгө зарах чадалтай гэсэн байна.
Түүнчлэн “Исламын улс” нь Африк дахь “Боко харам” шиг зэвсэгт бүлэглэлүүдтэй нэгдэж илүү хүчирхэг болох тухай ч бичжээ.
Иракт 2006 онд үүсч эхэлсэн “Исламын улс” зэвсэгт бүлэглэл нь 2014 оны зургаадугаар сараас Ирак, Сирийн зарим нутгийг эзлэн авч тэндээ Халифын вант улс гэгчээ тунхаглан Мосул хотыг нийслэлээ гэж зарлаад байгаа юм.
2014 оны наймдугаар сараас АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчин Иракын нутаг дахь эдний байрлалууд руу цохилт өгч эхэлсэн бол есдүгээр сараас Срийн нутагт агаараас цохилт өгч байна.
Гэвч өнгөрсөн долоо хоногт “Исламын улс” Иракын Рамада хотыг эзэлснээс гадна Сирийн соёлын өв болсон Пальмира хотыг эзэлсэн билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)