Өдгөө шоронд хоригдож буй Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Леополдо Лопез өлсгөлөн зарласан байна. Тэрээр улс төрийн хоригдлуудад эрх чөлөө олгохыг шаардан өлсгөлөн зарлаж байгаа аж.
Шоронгоос шилжүүлэх үед хийгдсэн бичлэгт сөрөг хүчний удирдагч эрх баригчдыг эсэргүүцэгчдийг хориглохоо зогсоохыг шаардсан байна. Түүнчлэн Засгийн газрыг парламентын сонгуулийн хугацааг хурдан товлохыг уриалжээ. Тэрээр түүнийг баривчлагдсанаас хойш Венесуэлийн эдийн засаг ихээр унасныг ард иргэддээ сануулсан байна.
Леополдо Лопез “Бид өөрчлөлтийг шаардсанаас хойг нэг жил, 3 сарын хугацаа өнгөрсөн ч нөхцөл байдал улам дордсоор байна. Илүү их дараалал, илүү их инфляци бий болж, хомсдол, гэмт хэрэг, авлигал улам бүр нэмэгдэх боллоо” хэмээн хэлжээ.
Мөн тэрээр ирэх бямба гарагт венесуэлчуудыг ардчилал, энх тайвны төлөөх тайван жагсаалд нэгдэхийг хүссэн байна. “Энх тайван, ардчиллын төлөө зүтгэе. Итгэл, үнэмшлээ алдахгүй байцгаая” хэмээн Леополдо Лопез ярьжээ.
Тэмцэгчтэй хамт хоригдож буй сөрөг хүчний улстөрч Даниэль Себалло ч мөн өлсгөлөн зарласан хэмээн Леополдо Лопез мэдэгдсэн байна.
Бичлэгийг Каракасын ойролцоо орших түүнийг хоригдож буй Рамо Верде шоронгийн гадаа хийжээ. Шуугиан тарьсан бичлэгийг анх түүний эхнэр Лилиан Тинтори YouTube хуудсандаа байршуулж, жиргэсэн байна.
Сөрөг хүчний тэргүүнийг өнгөрсөн жил эмх замбараагүй байдал үүсгэсэн жагсаалын үеэр жагсагчдыг турхирсан хэргээр буруутган хорьж байгаа юм. Николас Мадурогийн Засгийн газрыг эсэргүүцсэн олон сарын мөргөлдөөнд хоёр талаас 40 гаруй хүн амиа алдсан билээ.
Эрх баригчид Леополдо Лопезийг 2014 оны хоёрдугаар сард дууссан жагсаалд хүмүүсийг байшин барилгуудыг эвдэн сүйтгэж, эд юмсыг устгахыг уриалсан гэсэн байна.
Д.Идэр