
2011 оны 12 дугаар сарын 26-наас энэ оны 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн эсвэл хугацаа нь дууссаны улмаас шинэ үнэмлэх авч чадаагүй, түр лавлагаа аваад байгаа 64 мянга гаруй иргэн байгаа юм. Эдгээр иргэнийг сонгуульд оролцох эрхийг хангахын тулд иргэний цахим үнэмлэхийг олгох хэрэгтэй гэж Засгийн газар үзэн асуудлыг УИХ-д оруулжээ.
УИХ-ын сонгуулийн санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг УБЕГ-аас СЕХ-нд хүргүүлсэн. Энэ жагсаалтад нийт нэг сая 839 984 нэр байгаа бөгөөд лавлагаатай нийт 64940 иргэн байгаа нь сонгуулийн нэрсийн жагсаалтад орсон иргэдийн 4 орчим хувийг эзэлж байгаа аж.
Түүнчлэн байнгын хорооны хурлын үеэр ирэх намар болох орон нутгийн сонгуулиар цахим үнэмлэх ашиглана гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлсэн юм. Тэрбээр, УИХ-ын сонгуулийн үед цахим үнэмлэхээ хэвлээд, сонгуулийн дараа тарааж болно. Үгүй бол сонгуулийн дараа ч хэвлээд тарааж болно. Үүнийг энэ долоо хоногтоо шийдчихнэ. Миний бодлоор сонгуулийн үеэр ч гэсэн хэвлээд арынх нь өрөөнд оруулаад лацдаад орхичих хэрэгтэй. Энэ өрөөнд хэн дуртай хүн орох боломжгүй гэж хариулсан юм.