Барилгын зарим компаниудын санхүүгийн луйврын жагсаалтыг “Бэрэн констракшн энд Автомэшн” ХХК нэмж байна.

Барилгын зарим компаниудын санхүүгийн луйврын жагсаалтыг “Бэрэн констракшн энд Автомэшн” ХХК нэмж байна. Нийслэлийн Хан Уул дүүрэг, 1 дүгээр хороо, “Бэрэн” цамхаг гэсэн албан ёсны хаягтай энэ компанид буюу дотор нь ажилладаг эх сурвалж:
- Манай захирал А.Хүрэлшагай санхүүжилт хомсдоод барилгын ажил зогсох үед ажилчиддаа захиалагч олж ирэх үүрэг өгдөг. Гэхдээ сонин, хэвлэл мэдээллээр зарлахгүй. Танил талаа ятгаж, амнаас аманд дамжуулан ярьж хүмүүсээс урьдчилгаа авдаг. Сүүлд нь Төрийн банкнаас зээл бүтэнгүүт “Одоо захиалгуудаа аргыг нь олоод цуцлаарай” гэдэг гэж байна.
Захиалагчдын зарим нь хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэхээр хөөцөлдсөн гэж эх сурвалж хэллээ. Гэвч хэл амтай хэдхэн ийм хүмүүсийн мөнгөнд л алданги, хүү тооцон барагдуулжээ. Харин жил гаруй хугацаанд хүүгүй мөнгөө А.Хүрэлшагай захирлын бизнест “сайн дураараа” эргэлдүүлж, эцэстээ арай гэж буцааж авсныхаа төлөө “Баярлалаа” гэж хэлэх шахаж байгаа захиалагчдыг амгалан гэхээс өөр үг олдохгүй байна. Гэвч амгалан нь дэндсэн захиалагчид сүүлийн үед Татварын Ерөнхий Газар, МХГ,ХЭАХН зэрэг байгууллагуудад эд мөнгө, сэтгэл санааны хохирлоо барагдуулахаар өргөдөл өгч эхэлжээ.

Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа 7 дугаар хорооллын газарт хашаа нь орсон айлуудыг түр нүүлгэн амьдруулах орон сууцны ажлыг “Бэрэн” гүйцэтгэхээр болсон юм. Энэ ажлынхаа хавсаргад Хан Уул дүүрэг дэх барилгын газрыг өөрийн болгож авсан нь өнөөдөр багагүй маргаан дагуулж байгаа “Бэрэн” цамхаг. “Номин” бөөний төв, “АПУ” компаний хажууд байх орон сууц, офисын зориулалттай энэхүү барилгад 2010 оны дундаас 2011 оны эхэн хүртэл нилээд олон хүнээс урьдчилгаа авсан байна. Гэвч гэрээт хугацаандаа байр нь баригдаж дуусаагүй тул улсын комисс хүлээж авсангүй. Энэ хугацаанд орон сууцны үнэ өсөх хандлагатай болмогц элдэв шалтаг заан хуучин захиалагчдынхаа гэрээг цуцалж эхэлсэн байдаг. Гэрээ байгуулах үеэс нэлээдгүй нэмэгдсэн шинэ үнээ хүлээн зөвшөөрөхгүй бол өгсөн мөнгөө аваад зайл гэдэг башир мэх нь энэ байжээ.
Сэтгэгдэл (2)