Гана улсын нийслэл Аккрад шатахуун түгээх станцад гал гарч дэлбэрснээр олон арван хүн амиа алдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ.
Тус улсын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлснээр багадаа 150 хүн амиа алдаад байгаа аж.
Гал Гана улсын цагийн бүсчиллээр лхагва гаргийн шөнө эхэлсэн байна. Тус улсад сүүлийн хоёр хоногийн турш ширүүн бороо орсон бөгөөд цахилгаан тасарч, хүмүүс үерт орон гэрээ алдаад байжээ. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар үерт орон гэрээ алдсан хүмүүс ШТС-ын дор борооноос хоргодож байхад гэнэт гал гарч дэлбэрчээ. Тиймээс үер гал гарахад хүргэсэн байж болзошгүй хэмээн үзэж байна.
“Үерийн ус шатахуун, тостой холилдсон үед ШТС-ын ойролцоох айлаас гал гарсны улмаас дэлбэрэлт үүссэн байж болзошгүй” хэмээн таамаглаж байна. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.
Энэхүү хэрэг явдлын дараа Ерөнхийлөгч Драмани Махама ирэх даваа гаргаас эхлэн үндэстэн даяар гурван өдрийн эмгэнэл зарласан байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч хэргийн газартай танилцаж, засгийн газрын танхмийг яаралтай хуралдуулсны дараа үерийн хохирогчдод туслахад 14 сая ам.доллар гаргахаар болжээ.
Нийслэл хот даяар сургуулиудыг хаасан байна.
Үерийн улмаас машинууд, тавилгууд зам дээр шидэгдэж, тус улсад ерөнхийдөө эмх замбараагүй байдал үүсчээ. Цаг уурчид бороо ойрын өдрүүдэд зогсохгүй гэдгийг анхааруулж байгаа юм.
Г.Үжин