Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлэж буй ялтануудын ял эдлэлтийн байдалд хяналт тавьжээ.

Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлэж буй ялтануудын ял эдлэлтийн байдалд хяналт тавьжээ. Гэтэл зарим хоригдлууд Монгол улсын Өршөөлийн хуульд хамрагдаагүйгээс болон 2008 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын хэмжээг багасгасан заалтыг хэрэглээгүйгээс зарим ялтны жинхэнэ эдлэх ялыг хуульд нийцүүлээгүй байсныг шалгалтаар тогтоосон байна. Тиймээс прокурорын тогтоолоор, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүж, ялтны эрхийг сэргээжээ.
Энэ дагуу шүүх Эрүүгийн хуулийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Пүрэвдорж, Б.Баярчулуун нарыг хорих ялаас тус бүр таван жилийг хасаж, ялтан Э.Ганбатын эдлээгүй үлдсэн нэг жил хоёр сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамруулан хорих ангиас суллажээ. Цаашид прокурор энэ шалгалтыг үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэсэн байна.
Б.Чимэг