ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэдхэн цагийн өмнө Итали улсад хийсэн айлчлалаа өндөрлөлөө. Тэрбээр богино хугацааны айлчлалын үеэр Ерөнхий сайд Маттео Рензи, Ерөнхийлөгч Сергио Маттарелла, төрийн өндөр албан хаагчид болон Ромын Пап Францис нартай уулзсан юм.
Владимир Путины Пап Францистай уулзсаныг барууны хэвлэлүүд ихээхэн онцолж байна. Учир нь Францисын Путинтай уулзахдаа хэлсэн үг анхаарал татахуйц байжээ.
Францис уулзалтын үеэр Зүүн Украины дайны улмаас үүсч буй хор хохирлыг тодотгожээ. Мөн олон мянган хүний аминд хүрч буй энэхүү сөргөлдөөнийг зогсоохын тулд талууд хүндэтгэлтэй хандаж, идэвхи чармайлт гаргах хэрэгтэйг онцолсон байна. Түүнчлэн Францис Путинд “Украины энхийн төлөө ЖИНХЭНЭ хүчин чармайлт хэрэгтэй байна” хэмээн хэлжээ.
Үүнийг нь барууны хэвлэлүүд Францис Пап голыг нь олоод хэлчихлээ гэсэн өнгөөр мэдээллэж байна.
Владимир Путин Францисыг 2013 онд Ромын Папаар сонгогдсоноос хойш хоёр дахь удаагаа уулзсан нь энэ юм. Тэд хэсэгхэн хугацаанд хөөрөлдсөний дараа 50 минутын турш хаалттай уулзалджээ.
Г.Үжин