Түвдийн оюун санааны удирдагч Далай ламын төрсөн өдөр ирэх долдугаар сарын 6-ны өдөр тохионо. Энэхүү үйл явдалтай холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид түвдүүд ихээр тархсан бүс нутагтаа хяналт, аюулгүй байдлыг чангатгах үүрэг өгчээ. Түүнчлэн улс төрийн эмзэг асуудал үүсгэх магадлалтай Далай ламын төрсөн өдрийг Хятадын нутаг дэвсгэрт тэмдэглэхийг хориглосон байна.
Энэхүү хоригийн хүрүүнд Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэхээр олон нийтээр цуглах, үүнтэй холбоотой арга хэмжээ зохион байгуулах, бусдад уриалан дуудах, согтууруулах ундаа худалдаалах, шашны цуглаан зохион байгуулах зэргийг хоригложээ.
Ирэх сард 80 нас гарах Далай лам Түвдийн бодлого дахь Хятадын оролцоог эсэргүүцсэний улмаас 1959 онд Энэтхэгт дүрвэхэд хүрсэн билээ.
Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэх нь Хятадад хориглодог уламжлалт арга хэмжээ юм. Өнгөрсөн хугацаанд энэхүү хоригийг зөрчсөн хүмүүс хатуу ял шийтгэл хүртэж иржээ.
2008 оноос хойш 141 түвд лам Хятадын харгис бодлогыг эсэргүүцэн зулын гол болсон байна.
Г.Үжин