УИХ-ын чуулганаар цаг сунган Донорын тухай хуулийг хэлэлцлээ. Энэ
хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Н.Батбаяр ганцаараа асуулт
тавив.

УИХ-ын чуулганаар цаг сунган Донорын тухай хуулийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Н.Батбаяр ганцаараа асуулт тавив. Тэрбээр "Амьгүй донор гэдэг ойлголт байдаг уу? Амьгүй хүнээс эд эрхтнийг нь авна гэдэг чинь монголчуудын ёс заншилд тохирохгүй юм биш үү?" гэж асуув. Үүнд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар хариулахдаа "Одоо хэрэгжиж байгаа хуулинд ч амьгүй донорын тухай заалт байгаа. Тухайн хүн нас барахаасаа өмнө гэрээслэл бичсэн эсвэл гэр бүлийнхэн нь зөвшөөрсөн тохиолдолд нас барсных нь дараа эрхтнийг нь авч болдог олон улсын жишиг бий. Манай улсад гэхэд 59 хүнд бөөр шилжүүлэн суулгахад дөрвийг нь амьгүй донороос авдаг" гэв. Мөн Н.Батбаяр гишүүний "Монгол улс цус импортоор авдаг уу?" гэсэн асуултанд "Манайх цусны хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг. Харин цус болон эрхтний донор болсон хүнд цай, унааны мөнгө гэж 2500 төгрөг өгдөг" гэж хариуллаа. Донорын тухай хуулийн талаар бусад гишүүд асуулт тавьж, санал хэлсэнгүй. Тиймээс уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хурал дууслаа.
Энэ хуулинд донор болсон хүний эмчилгээний зардлыг улсаас хөнгөлөх, сувилалд үнэгүй амруулах зэрэг урамшуулал олгох тухай шинэ заалт оруулахаар төлөвлөж байгаа юм.