БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын бүтээсэн шинэ эмийн бүтээгдэхүүнийг сүүлийн шатны туршилтанд оруулж эхлээд байна. Альцхаймер өвчний эсрэг бүтээгдсэн шинэ бүтээлийг амьтад дээр туршсан бөгөөд туршилтын үр дүн сайн байсан учир ийнхүү хүний биед туршихаар болсон байна.
Хятадын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн дэргэдэх Био-анагаах ухаан, эрүүл мэндийн хүрээлэнгийн боловсруулсан “Эй Ди-16” хэмээх эмийн бүтээгдэхүүнийг хэд хэдэн амьтанд туршсан юм. Урт удаан хугацаанд явагдсан судалгааны үр дүнд бий болсон шинэ эм нь хүний санах ойг сайжруулж, түргэн сэтгэн бодоход дэмжлэг үзүүлдэг байна. Энэ талаар хөгжүүлэлтийн багийн дарга Ху Венхуй мэдээлсэн бөгөөд мэдэгдэхүйц үр дүн үзүүлэх нь тогтоогдсон юм.
Ахмад настнуудад илүүтэй илэрдэг Альцхаймер өвчний шинж тэмдэг нь ой тогтоолт муудах байдлаар илэрдэг бөгөөд улмаар орон зайн баримжаа алдах, хуримтлуулсан мэдлэг туршлагаа санахгүй байх зэрэгт хүргэдэг байна.