Өчигдөр орой санал хурааж дууссан Данийн сонгуульд сөрөг хүчний намууд ялалт байгуулжээ. Экс Ерөнхий сайд Ларс Локке Расмуссенаар ахлуулсан барууны төв үзэлт эвсэл эрх баригчдын эвсэл болох Ерөнхий сайд хатагтай Хелле Торнинг Шмидтээр удирдуулсан зүүний төвт эвслийг бут цохисон байна.
Ларс Локке Расмуссений эвслийг дэмжигчид өчигдөр 23 цагийн орчимд баяраа тэмдэглэсэн байна. Энэ үеэр Расмуссен сонгогчиддоо хандан “Дөрвөн жилийн өмнө Ерөнхий сайдын албаны түлхүүрийг буцаан өгч байсан. Харин тэр үед энэхүү түлхүүрийг “зээлүүлж” байгаа хэмээн сануулж байснаа санаж байна. Одоо бид түлхүүрээ эргүүлэн авлаа” хэмээн хэлжээ. Мөн тэрээр цагаачдын урсгалыг бууруулна гэдгээ ч дэмжигчиддээ дахин амласан байна.
Одоогоор нийт саналын 99 хувийг тоолоод байгаа юм. Хэдийгээр Грийнланд болон Фароегийн арлуудын санал тоологдоогүй байгаа ч энэ нь сонгуулийн үр дүнд тоомохон нөлөөлөл үзүүлэхгүй тул ялалтаа тэмдэглэж эхэлжээ.
Данийн сонгуулийн хороо саналыг бүрэн тоолсон дүнгээ удахгүй танилцуулах юм. Харин саналын хуудсуудын 99 хувийг тоолоход эрх баригч Социал Демократ нам 26.3 хувийн санал авчээ. Данийн Ардын нам 21.1, Расмуссений Данийн Либерал нам 19.5 хувийн санал авчээ. Гэвч эвслийн дүнгээрээ сөрөг хүчин ялалт байгуулсан юм.
Тус улсын нэг танхимтай үндэсний парламентын 179 гишүүнийг сонгох ёстой. Эдгээрийн 175 нь Данид, 2 нь Фароэгийн арлуудад, 2 нь Гринландад хуваагддаг байна. Данийн 175 суудлын 135 нь 10 сонгуулийн тойрогт пропорциональ системээр сонгогддог аж. Үлдсэн 40 суудлыг ялагч намууд өөрсдөө хуваарилдаг байна.
Г.Үжин