Грек улсыг Европын Холбооны гишүүн орон хэвээр үлдээхийг дэмжигч 5000 гаруй иргэн өчигдөр тус улсын Парламентын ордны өмнө цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Тэд Грек болон Европын Холбооны туг далбааг барин, тус улсыг Европын Холбоо болон Евро бүсэд үлдээхийг шаардан жагссан байна. Эсэргүүцлийн жагсаал, цуглаан болохын өмнөхөн тус улсын өрийн асуудлаар Люксембург хотноо явагдсан Европын Холбооны уулзалтаар Грек улс зээлдэгчидтэй тохиролцоонд хүрэх гэрээг байгуулж чадаагүй юм.
Ингэснээр тус улс өрөө төлж чадахгүй байдалд хүрч, цаашлаад Европын Холбооноос гарах нөхцөл байдал үүснэ гэсэн айдас байгаа юм. Жагсагчид мөн ОХУ, Хятад гэх мэт улсуудаас дэмжлэг авахыг хүсэхгүй байгаагаа дурьдсан байна.
Грекийн эхний ээлжийн өрөө эргүүлэн төлөх хугацаа энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болох юм. Евро бүсийн орнуудын төрийн тэргүүд Грекийн өрийн асуудлаар дараа долоо хоногт дахин яаралтай хуралдахаар болсон билээ.