Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу бидний хэлж заншсанаар Баруунхараад тослог ургамлыг боловсруулах бүрэн автомат үйлдвэр өнөөдөр нээгдлээ. Үйлдвэрийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Делта холдинг” группын захирал н.Мөнхжаргал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат, АН-ын Газрын дарга Б.Цолмонбаяр нар оролцлоо. “Делта холдинг” группын охин компани болох “Майнд тэч” компани энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа нь энэ юм. Үйлдвэрийг байгуулахад “Делта” группийнхэн өөрсдийн санхүүжилтээс гадна “Чингис” бондоос 22.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр ашиглалтад орсноор эх орны хөрсөнд ургасан тослог ургамлыг боловсруулж, бидний өдөр тутмын хэрэгцээнд нийцэх, стандартын шаардлага хангасан эрүүл аюулгүй “Оргих” ургамлын тосыг гарган монголын зах зээлд нийлүүлж эхлээд байна. Түүнчлэн дан ганц ургамлын тос үйлдвэрлээд зогсохгүй рапсаас тосыг нь ялгаж яваад үлдэгдэл шаараар нь малын тэжээл, био дизель түлш зэргийг гаргаж байгаа аж.
Мөн орон нутгаас байнгын 60 ажлын байраар иргэдийг хангаж, улирлын чанартай 80 гаруй ажлын байранд орон нутгийн иргэдийг ажиллуулдаг байна. Тослог ургамлынхаа үрийг Герман улсаас оруулж ирж байгаа бөгөөд энэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, газрын хөрсөнд сөрөг нөлөөгүй. Өөрөөр хэлбэл, хятадуудын тарьж ургуулдаг, газрын хөрсийг үржил шимгүй болгодог үр биш гэнэ. Эдний оруулж ирсэн 1 тн үр нь 30 сая төгрөгөөр зарагддаг бол хятадуудын тарьж ургуулдаг үр нь 2 сая төгрөгөөр зарагддаг аж. Тиймээс чанарын хувьд маш сайн гэдгийг “Майнд тэч” компанийн Үйлдвэр хариуцсан захирал Н.Цэвээнсүрэн танилцуулж байлаа. Мөн тэрээр монголд хийж бүтээхэд санхүү хөрөнгө мөнгөний хүндрэл хаа сайгүй тулгардаг бол Шинэчлэлийн Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжиж “Чингис бонд”-оос өгсөн хөнгөлөлттэй зээл үр дүнгээ өгч байгааг ч тэрээр хэлж байсан юм.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ, “Хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн нэг нь тослог ургамлыг болосвруулах энэ үйлдвэр юм. Монгол Улс жилдээ 25-30 мянган тонн ургамлын тосыг хэрэглэдэг. Тэгвэл үүнийг орлох том үйлдвэр ашиглалтад орж, өнөөдөр нээгдэж байгаад салбарын сайдын хувьд баяртай байна. Монгол Улсын Засгийн газар импортыг орлох, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд уг үйлдвэрийг бүтээн босгоход “Чингис бонд”-оос 22.5 тэрбум төгрөгийн зээл олгосон нь нүдээ олсон, ухаалаг шийдвэр болжээ гэдгийг энд цохон тэмдэглье. Үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй танилцлаа, хамгийн сүүлийн үеийнх гээд давуу талууд маш олон байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор импортыг орлож, гадаад худалдааны балансад 30 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний эерэг үр дүн гарсан байна. Энэ мэт маш олон эерэг сайн мэдээ дуулдаж байна” гэв.
Майнд Тэч" компанийн үйлдвэрлэсэн "Оргих" ургамлын тос
Майнд тэч" компанийн үйлдвэрлэсэн "Биедизель" түлш. Энэ түлшийг хэрэглэсэн машинаас ялгарах хот таа энгийн түлш хэрэглэсэн машинаас бага байдаг гэнэ.
О.Түвшинбаяр: Бид тосоо аль болох хямд үнээр худалдаалах стратеги баримтална
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь Германаас оруулж ирсэн бүрэн автомат аж. Тиймээс хүний оролцоо бага гэдгийг үйлдвэрийнхэн хэлж байна.
Үйлдвэрийн талаар “Майнд тэч” компаний Стратеги төлөвлөлтийн газрын дарга О.Түвшинбаяраас дараах зүйлийг тодрууллаа.
-Тослог ургамлыг боловсруулах үйлдвэрийн маань хүчин чадал ямар вэ. Хоногт хэдий хэмжээний ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулагдав?
-Энэ үйлдвэр хоногт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Тослог ургамлыг боловсруулж ургамлын тос гарган авах үйлдвэр байгаа юм.
-Үйлдвэр байгуулахад хэдий хэмжээний санхүүжилт орсон бэ. Санхүүжилтээ хэрхэн шийдсэн бол?
-Санхүүжилтээ өөрийн дотоод нөөц бололцооноос гадна “Чингис” бондоос 22.5 тэрбум төгрөг зээл авсан. Ингэснээр үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулж чадлаа.
-Монгол Улсын хэмжээнд ургамлын тосны хэрэгцээ хэдэн тонн байдаг юм. Үүнээс хэдийг нь танай үйлдвэр нийлүүлэх боломжтой вэ?
-26-30 мянган тонн ургамлын тос импортоор орж ирдэг юм. Манай үйлдвэр ашиглалтад орсноор эх орны хөрсөнд ургуулсан тосны ургамлыг боловсруулж, тос гаргаж авсанаар дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэж байна.
-Тосныхоо түүхий эдийг хэрхэн бэлтгэн авч байна вэ. Мэдээж сайн чанарын ургамлаас сайн бүтээгдэхүүн гарах байх?
-Манайх дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хөрсний талхалтгүй ийм үрийг Герман улсаас оруулж ирж тарьж ургуулж байгаа. Энэ жилийн хувьд 30-аад мянган тонн рапс авах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ жил монголын хөрсөнд ургасан аль, аль рапсыг худалдаж авахаар зэхэж байна. Герман үрээр тарьсан тариаланчдынхаа рапсыг хүнсэнд хэрэглэх бол, хятад шар үрээр тарьсан рапсыг биодизель гаргаж авахад ашиглахаар ажиллаж байна.
-Тариаланчиддайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ. Тариаланчдаас ургацыг нь ямар нөхцлөөр худалдаж авдаг вэ?
-Манайх Германаас орж ирсэн үрээ тариаланчдад зээлээр өгөөд, намар ургацыг нь 100 хувь худалдаж авах нөхцлөөр гэрээ байгуулдаг. Гэхдээ 1 тн рапс хэдэн төгрөг байхыг тухайн үедээ тохиролцдог.
-Танай компанийн үйлдвэрлэж байгаа “Оргих” ургамлын тос зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлогдох вэ?
-Бид аль болох хямд үнэтэй байлгах бодлого барьж байна. Гэтэл импортоор орж ирж байгаа тос маш их хэмжээтэй байхын зэрэгцээ хямд үнэтэй байгаа. Тэгэхээр бидэнд саад болж байгаа зүйл юу вэ гэхээр НӨАТ. Учир юу вэ гэхээр бид тариаланчдад үрээ өгөхдөө ямар ч НӨАТ тооцдоггүй. Гэтэл үрээ гаднаас оруулж ирэхэд НӨАТ төлдөг. Тиймээс НӨАТ-аас чөлөөлөх ч юм уу, иймэрхүү зохицуулалт хийвэл бүтээгдэхүүний үнэ илүү хямд байх боломжтой. Өнөөдрийн байдлаар 2600-3000 төгрөгөөр борлуулж байна.
-Үйлдвэр ашиглалтад орсноор хэчнээн ажлын байр бий болгов. Тухайлбал, энэ сумаас хэдэн хүнийг ашиглалтад оруулсан бэ?
-Орон нутгаас 60 хүн тогтмол ажлын байртай болсон. Түр 80 ажлын байр бий болгодог. Энэ баригдсан үйлдвэр маань эхний шат, хоёрдахь шатаа хэрэгжүүлбэл үйлдвэрийн хүчин чадал гурав дахин нэмэгдэх боломжтой.
-Тосноос гадна малын тэжээл, дизель түлш үйлдвэрлэж байгаа гэсэн?
-Рапсаас тосыг нь гаргаж аваад үлдсэн шахдасаар нь малын тэжээл үйлдвэрлэж байна. Энэ нь малын уургийн дутагдлыг нөхөх сайн талтай. Мөн дизель түлшийг үйлдвэрлэснээр хоёр талын ашигтай. Нэгдүгээрт, монголын хөрсөн ургаад хятад руу экспортлогдоод байгаа бүтээгдэхүүнийг монголдоо авч үлдэх.
Хоёрдугаарт, 100 хувь гаднаас хараат байгаа дизель түлшний хэрэгцээг багасгаж, дотооддоо үйлдвэрлэдэг болгох зорилготой.
С.Бүрэнбат: Энэ үйлдвэр маш том хөрөнгө оруулалт боллоо
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Баянгол суманд өнөөдөр тослог ургамлыг боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ. Тэгэхээр танай аймаг газар тариалангийн бүс нутаг болохын хувьд рапсын тариалалтыг хэрхэн дэмжиж байна вэ?
-Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд 190-ээд мянган га талбайд тариалалт хийсэн. Тиймээс сэлгээний тариалалтыг дэмжиж байгаа. Зөвхөн энэ компани ч биш маш олон аж ахуйн нэгжүүд тосны ургамлыг тариалж, нутагшуулж байгаа. Гэхдээ нийт талбайн 15 хувьд тосны ургамлыг тариалсан. Энэ жил цаг агаар сайхан байвал үйлдвэрийнхээ тосны ургамлыг хангах хэмжээний ургац авна. Ийм үйлдвэрийг нээсэн нь Сэлэнгэчүүдэд маш том хөрөнгө оруулалт боллоо.
-Энэ үйлдвэр “Чингис бонд”-ын санхүүжилтээр боссон гэж байна. Тэгэхээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Чингис бонд”-оос зээл авсан өөр компани, аж ахуй нэгж байгаа юу?
-Зөвхөн энэ үйлдвэр л санхүүжилт авсан. Амжилттай ажиллаад бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэллээ.
Уургаар баяжмал тэжээл идсэн мал хурдан тэнхэрдэг
Малын тэжээлийн талаар “Майнд тэч” компанийн ажилтан Н.Бямбасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ малын тэжээл уургийн баяжмал их гэж хэлсэн. Энэ талаар тодруулаач?
-Рапсаас тосоо гаргаж аваад үлдсэн шаараар нь ийм малын бордоо, тэжээлийг гаргаж авдаг. Энэ тэжээлийг бод малд 250 граммыг өгдөг. Харин тэжээж байгаа махны чиглэлийн малд арай ахиу өгвөл хурдан таргалдаг. Мөн сүүлийн чиглэлийн үхэрт ч гэсэн хэдий хэмжээгээр өгөх үү гэх мэт хэм хэмжээг нь тогтоосон байгаа. Энэ нь тэжээл нь ургаар баяжмал учир, малд маш сайн, илчлэг ихтэй байдаг. Уургаар баяжмал тэжээл идсэн малын мах амттай байх нь дамжиггүй шүү дээ.
-Малын тэжээлээ хаана борлуулж байна вэ. Хэдэн төгрөгөөр малчдын гарт хүрч байгаа вэ?
-40 кг-аар савлагдсан нэг шуудай тэжээлийг 22 мянган төгрөгөөр худалдаадаг. Хоногт 3200 шуудай тэжээл үйлдвэрлэдэг. Ихэвчлэн орон нутагтаа борлуулж байна. манай тэжээл зөвхөн өвөл биш, зуны цагт уяачид мориндоо авч өгч байгаа.
Сэтгэгдэл (6)