
- МАХН-ын дарга Н.Энхбаярын хуулийнхны эсрэг салаавч үзүүлсэн бичлэг ихээхэн шуугиан тариад байна л даа. Хүн өлсөөд удахаараа өөрийгөө хянаж чадахаа болиод тиймэрхүү үзэгдэл гаргадаг гэж сонслоо. Тэгээд танаас мэргэжлийн тайлбар авахыг хүссэн юм аа?
- Би тэр бичлэгийг үзсэн. Манай эмч нар ч бас ам амандаа л тэр асуудлаар ярьж байна л даа. Хүн ер нь бол өлсөхөөрөө ууртай, түрэмгий болох нь бий. Зарим хүн өдрийнхөө цайнд орж амжихгүй болохоороо л бөөн уур уцаартай болоод хавь ойрныхныгоо хяргачих гээд байдаг. Зарим хүмүүс манай хүн өлсөх их дургүй. Өлсөхөөрөө уцаартай болчихдог юм гэж хэлэхийг чи зөндөө л сонссон байх. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хуурай өлсгөлөн зарлаад 4 хоночихсон. Би организмын хувьд ихээхэн цуцсан. Ус, хоол тэжээлийн хомсдолд орчихсон тэр үедээ дээрх үйлдлийг хийсэн юм шиг байна лээ. ШШГЕГ-ынхан өөрсдийгөө жигтэйхэн нөхөрсөг болсныг, шинэ хорих анги нь муухан сувилалаас дээр болсон гээд л магтаж байна лээ. Тийм л байгаасай. Гэхдээ хоол тэжээлийн хомсдолд орчихсон, сэтгэлийн хувьд гутарсан, цөхөрсөн байдалтай байгаа хүн рүү элдвийн хорон үг хэлж байгаад л тэр үйлдлийг хэлүүлсэн байх гэж би ойлгосон. Өндийх ч тэнхэлгүй байгаа хүн рүү “Наадахыгаа яагаад байлгаад байгаа юм албадан эмчилгээ хийгээч, та өлсөж байгаа биз дээ хоол идэх үү? Гэхчилэнгээр дайрч доромжилоод байхлаар хүн арга барж цөхрөхдөө л тэгсэн байх.
- Та өлсөж байгаа биз дээ, хоол идэх үү гэдэг хүнд тэгж нөлөөлнө гэж үү?
- Тэгэлгүй яах вэ дээ. Тэр хүний бие гэлтгүй, тархи нь ч бас өлсчихсөн байсан. Сэтгэлийн маш их хямралтай тогтворгүй байх үед нь дээрх үгийг хэлбэл шууд цохиод авсантай адил хүндээр тусах нь ойлгомжтой. Н.Энхбаяр гэдэг хүн шударга ёсыг тогтоо, улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоо гэсэн шаардлагыг тавьж өлсгөлөн зарласан ш дээ. Харамсалтай нь хууль хүчний байгууллагынхан түүний амь нас зогсоход хүрлээ, үүнээс цааш удвал энэ хүн сэхэл авахгүйд хүрчихгээд байна гэсэн эмч нарын дүгнэлт гарч, хамгийн эцсийн шатанд хүрсэн хойно л батлан даалтад гаргасан ш дээ. Үүнээс үүдэн тэр хүн амьдаараа борцлогдсон. Маш олон хоног өлсгөлөн зарлачихсан. Биеийнх нь ихэнх эд эс үхлийн байдалд шилжчихсэн. Зүрх нь тэжээлийн дутагдалд орж зогсоход бэлэн болчихсон. Хүний биеийг тэнцвэртэй, сэтгэл санааг тогтуун байлгадаг бүхий л эрдэс тэжээлүүд нь эрс дутагдчихсан хүнд хатуу хэцүү үед нь хорон үгээр утаад байвал тэсч өнгөрөөх ямарч боломжгүй болдог.