“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс дарга нар өнгөрсөн пүрэв гаригт анхан шатны шүүхээс ял сонссон. Тэднийг Эрүүгийн хуулийн 274.2, 294.2-т зааснаар ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгаж, 2.6-.3.6 жилийн ял оноосон юм. Хурал хоёр өдөр үргэлжилсэн ба хурлын эхний өдөр О.Зоригт хурандаагийн бие муудаж, тэрээр тариа хийлгэн шүүх хурлыг үргэлжлүүлсэн.
Гэвч хурал дууссаны дараа түүний бие улам муудаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн даргын шийдвэрээр Клиникийн гуравдугаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эмч нар “Саахрын хэмжээ 8-10 байх ёстой. Гэтэл Ч.Амарболд, О.Зоригт нарын саахрын хэмжээ 20-оос буухгүй байна. Энэ нь амь насанд нь аюул учруулж магадгүй” гэжээ. Харин ар гэрийнхэн нь “Өвчин нь хүндэрч, зогсох, удаан ярих чадваргүй болсон” гэлээ. О.Зоригт нь өнгөрсөн сарын 25-нд зүрхний титэм судас нээх хагалгаанд орсон билээ.
Б.Чимэг



















































