Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак тус улсын шүүхээс бүх насаар хорих ял сонссоны дараа биеийн бадйал нь эрс мууджээ.

Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак тус улсын шүүхээс бүх насаар хорих ял сонссоны дараа биеийн бадйал нь эрс мууджээ. “BBC” агентлагийн мэдээлснээр тэрбээр өчигдөр орой Кайро хотын эмнэлэгт хэвтэж байхдаа ухаан алдаж, комд оржээ. Эмч нар түүний зүрхний үйл ажиллагаа муу байгааг дахин дахин хэлсээр байгаа юм. Египетийн дотоод хэргийн сайд Алаа Махоуд “Түүний цусны эргэлт нь муудаж, амьсгалахад бэрхшээлтэй болсон, зүрхний ажиллагаа нь ч сул, муу байгаа” гэж мэдэгджээ.
Хосни Мубаракыг энэ сарын хоёрны өдөр өнгөрсөн жил болсон иргэдийн бослого хөдөлгөөнийг дарахын тулд олон хүний амь насыг хөнөөсөн гэж буруутган ял оноосон билээ. Түүний шүүх хурал аравдугаар сараас хойш үргэлжилсэн ч биеийн байдал нь муу байснаас дахин дахин хойшилж байсан. Харин Х.Мубаракт насаар нь хорих ял шүүхээс оноосны дараа Египетийн иргэд талбай дээрээ баярын жагсаал хийсэн юм.
Б.Баяр