"Apple” компани нэрийн гар утсандаа зориулсан үйлдлийн системийн сүүлийн загвар “iOS-6”-г компьютерийн бусад шинэ загварын хамт танилцууллаа. Энэ нь сүүлийн дөрвөн жилд хийсэн технологийн хамгийн том шинэчлэл юм. Шинэ “MacBook-Pro” компьютер өмнөх загвараасаа нимгэн бөгөөд 17 хувиар хөнгөн болжээ. “iOS-6”-д олон ахиц гарсны нэг нь газрын зураг болон замын хөдөлгөөнийг гурван хэмжээсээр мэдээлдэг функц. Түүнчлэн, дуу хоолойгоор ачаалладаг “Siri” программын хэлний сонголт нэмэгдэж, илүү чанаржсан байна. Хэрэглэгч байнга үйлчлүүлдэг уушны газартаа ороод “iPhone” эсвэл “iTouch”-ийн дэлгэц дээрх тоо цооны ба хямдралын картаа ашиглах боломжтой болно. Ингэснээр картаа алга болгох, гэмтээх, шинээр авах гэж хугацаа алдах бэрхшээлээс ангижрах ажээ. “iOS-6”-г ирэх намраас iPhone, iPad, iPad-2 болон iPod-touch зэрэг бүтээгдэхүүнд үнэгүй суулгаж эхэлнэ.

Д.Ундрах