Сүүлийн үед их, дээд сургууль “амарсан” гэх шалтгаанаар нийтийн тээврийнхэн оюутнуудын үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцож, мөнгөө төлж, тасалбар авахыг шаардах болжээ. Энэ талаар “Монголын оюутны холбоо”-ноос тодруулсан байна. Тэд хэлэхдээ, “Тийм зүйл байх ёсгүй. Хэдийгээр зарим их, дээд сургууль амарсан ч шалгалтаа өгөөд явж байгаа оюутнууд бий. Тийм болохоор энэ сарыг дуустал оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхтэй. Манай журамд бүх сургуулийн оюутнууд цахим үнэмлэхээрээ зорчино гэж заасан байгаа. Нийтийн тээврийнхэн ямар ч байсан энэ сарыг дуустал өөрсдийн дураар мөнгө хураах эрхгүй. Хэрэв мөнгөө төлөөгүй гээд бичиг баримтаа хураалгасан бол Нийслэлийн тээврийн газарт хандаж болно. Мөн 326352 шуурхай утсаар нийтийн тээвэртэй холбоотой гомдол, санал хүлээн авч байгаа” гэнэ шүү.
Д.Ундрах



















































