
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн түүний хэргийг АТГ-т шалгаж эхэлсэн билээ. Хэргийг долоон сарын дотор шалгаад, прокурорын байгууллагад шилжүүлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн нь хэтэрхий хурдацтай явагдаж, сонгуулийн өмнө яллахаар улайрч байна гэсэн хардлагыг төрүүлсэн. Шүүх хурал товлогдсон ч Н.Энхбаярын бие тааруу байсан, бие нь сайжирсан ч өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгч нь УИХ-д Говь-Алтай аймагт сонгуулийн сурталчилгаа хийж яваа тул шүүх хуралд ирэх боломжгүй гэх зэрэг шалтгаанаар гурвантаа хойшлогдсон юм.
Харин эрх баригч намын дотоодод байдаг нэгэн эх сурвалж ерөнхийлөгч Н.Энхбаярыг 6-р сарын 26-ны өдөр яллахаар төлөвлөж байгаа тухай мэдээллээ. Шүүх хурал 6-р сарын 21-нд буюу ирэх пүрэв гарагт болох ч энэ өдөр ямар ч шалтгаантай байсан дахин хойшлохгүй, харин ч 3-4 өдөр үргэлжсэний эцэст түүнийг 26-ны орой яллана гэж төлөвлөж байгаа аж. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны өдөр болно. Сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааг санал хураалт эхлэхээс 24 цагийн өмнө буюу 6-р сарын 26-ны 00 цагт зогсоох юм.
Дээрх төлөвлөгөөнд тусгагдсанаар хэрэв 26-ны орой Н.Энхбаярт шүүхээс ял оноовол МАН-ын зарим эрхмүүдийн авлига, хээл хахуультай холбоотой гэх олон хэргийг задалж магадгүй байгаа юм. Н.Энхбаярт МАН-ын томчуудын нэр хүндийг унагаах хангалттай нотолгоо байгаа гэж үзжээ. Хамгийн гол нь Н.Энхбаяр 26-нд МАН-ыг унагах баримт дэлгэлээ гэж бодоход сонгуулийн сурталчилгаа зэрэгцэн дуусах тул МАН-ынханд өөрсдийгөө өмөөрч, хамгаалах, олон нийтийн санаа бодлыг эргүүлэх боломж байхгүй болно гэж тооцжээ.
Хэрэв эх сурвалжийн хэлсэн ийм төлөвлөгөө гарсан бол Н.Энхбаяр сонгуулийн өмнө ялтан болж, МАН-ын рейтинг шалдаа буух юм. Төлөвлөгдсөн ёсоор Н.Энхбаяр шүүхээс ял сонсвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.
/24tsag.mn/