БНХАУ-ын хөлбөмбөгийн холбооны удирдах албан тушаалтан, хөлбөмбөгч, дасгалжуулагч нийлсэн 20 гаруй хүн авилга авч, тэмцээн наймаалцсан хэргээр шоронгийн хаалга татжээ. Тус холбооны хоёр дэд ерөнхийлөгч арав арван жил хоригдох ял авч, их хэмжээний мөнгөн торгууль төлөх болсон бөгөөд хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Вэй Шаохуэй мөн 10 жил хорих ялаар шийтгүүлсэн байна. Мөн тоглолтыг худлаа шүүн будлиантуулсан дөрвөн шүүгч тус бүрийг зургаан жил хорсон төдийгүй эдгээр шүүгчдийн нэг нь 2002 оны ДАШТ-ийг шүүж байсан Лу Цзюнь ажээ.
Сүүлийн үед Хятадын хөлбөмбөгийн ертөнцөд тэмцээн наймаалцах явдал ихээр дэлгэрэх болсон агаад 2009 оноос хойш 56 хүн хуулийн хариуцлага хүлээсэн гэх мэдээлэл тархжээ.

Д.Ундрах