Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах эхний үе шатны хэлэлцээ Гадаад хэргийн яаманд болж өнгөрлөө. Тус уулзалтын нээлтийн үеэр төлөөлөгчдийн тэргүүн нар хэлэлцээнд холбогдох нөхцлүүд, цар хүрээг харилцан тохиролцож мөн хэлэлцээг цаашид хэрхэн явуулах талаар санал солилцов. Түүнчлэн, бараа болон үйлчилгээний худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, хөрөнгө оруулалт, оюуны өмч, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, худалдаан дахь техникийн хориг саад, хорио цээр болон ургамлын хорио цээр, Засгийн газрын худалдан авалт болон бизнесийн орчинг сайжруулах зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарсан болно. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г. Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Такенори Шимизү нар оролцож үг хэлэв. Хэлэлцээний дараагийн уулзалт ирэх намар Токио хотноо болох бөгөөд хугацааг дипломат шугамаар тохиролцохоор болсон байна.
Д.Ундрах



















































