Сонгуульд цэвэр өрсөлдвөл сонгогдсон хойноо цэвэр ажиллахын шинж, харин бохир өрсөлдвөл бохир ажиллах нь ойлгомжтой гэдгийг сонгогчид мэдэх болсон. Тэгвэл УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Г.Баярсайханы талаарх таагүй мэдээллүүд сонсогдож эхэллээ.Төрийн дээд байгууллагад дөрвөн жил суусан гишүүн хотын гудамжин дахь самбаруудыг хүртэл зүгээр байлгахгүй байна. Урьтаж түрүүлээд, гэрээ контрактаа хийгээд самбарыг нь ашиглаж байгаа бол яая гэхэв. Гэтэл өөр намын нэр дэвшигчийн самбар руу шөнө дөлөөр уулгалан довтолж, эрх мэдлээрээ далайлгаж байгаа тухай мэдээлэл байна. Чингэлтэй дүүрэгт нийслэлийн ИТХ-д “Гурав дахь хүчин” эвслээс нэр дэвшиж байгаа Ц.Содхүүгийн хууль журмынх нь дагуу гэрээ хийж ашиглахаар болсон самбарын мэдээллийг хэд хэдэн удаа хуулан хаяж, оронд нь өөрийнхөө сурталчилгааг байрлуулсанд өрсөлдөгчид нь хийгээд тойргийн сонгогчид дургүйцэж байна.




















































