Энэ оны нэгдүгээр ээлжээр Дотоодын цэрэгт алба хаахаар татагдсан шинэ дайчид өчигдөр тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, анги, байгууллагын захирагч, дарга болон цэрэг дайчдын ар гэрийнхэн оролцов. Энэ жил найман аймаг, нийслэлийн есөн дүүргээс татагдсан залуучууд 30 хоногийн хугацаанд сургалтад хамрагдаж, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшиж, цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагаанд суралцаж, Дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн байна.
Дотоодын цэргийн штабын чиглэлийн ахлах офицер, дэд хурандаа А.Эрдэнэсайхан “Сүүлийн жилүүдэд цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залуучуудын тоо нэмэгдэж, тэр хэрээр цэрэгт татагсдын боловсролын түвшин ч өндөр байна. Энэ жилийн хувьд шинэ дайчдын 0.3 хувь нь дээд, 11.2 тусгай мэргэжил коллеж, 61.6 хувь нь бүрэн дунд, 19.1 хувь нь бүрэн бус дунд, 13.7 хувь нь бага боловсролтой байна” гэлээ.
Мөн энэ үеэр Дотоодын цэргийн анги, салбарт он удаан жил ажилласан бэлтгэл хошууч Ч.Цэрэнсодном, Д.Алиах, Ё.Баянжаргал, бэлтгэл ахлах ахлагч Д.Шархүү нарыг Дотоодын цэргийн штабын даргын дурсамж, дурсгалын зүйлээр шагнуулж урамшууллаа.
Түүнчлэн цэрэг дайчдын ар гэрийнхэн 05 дугаар ангийн “Дайчин алдрын танхим”, цэргийн байр, гал зуух зэрэг газруудаар орж, хүүхдийнхээ алба хааж, амьдарч байгаа орчин нөхцөлтэй танилцав. Мөн тэдний сурч эзэмшсэн болон цэргийн албаны онцлогийг харуулсан зэвсэгтэй, зэвсэггүй жагсаалын гардан тулааны, биеийн тамирын үзүүлэх тоглолтуудыг үзэж сонирхлоо. Б.Чимэг



















































