
Я.Содбаатарын хийсэн мэдээллийн утга нь Р.Гончигдоржийг АН-аас жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ анх 12-т жагсаасан байсныг 9 болгож өөрчилсөн байна. Энэ мэтчилэн хэд хэдэн нэр дэвшигчдийн жагсаалт өөрлөгдсөн нь тухайн намын асуудал мэт боловч “Эрх бүхий байгууллага нэр дэвшигчдийг эрэмбэлээд зарласнаас хойш санал хураалт дуустал ямар нэг өөрчлөлт хийж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна хэмээн нэгэн сонинд гарсан хэвлэлийн мэдээн дээр үндэслэн уг мэдээллийг хийжээ. Тэрээр анхны хэвлэлийн мэдээ, Өнөөдөр СЕХ-ноос гаргаж байгаа мэдээ хоёр зөрж байгаа тул бид үүнийг нягтлаач гэж эрх бүхий байгууллагад хандаж байгаа хэмээжээ.
Туршлагатай парламентчдийн нэг Р.Гончигдорж гишүүн СЕХ-нд гаргасан мэдэгдэлдээ “Я.Содбаатар нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35,24-т дурдсан шаардлагын дагуу өөрийн бэлтгэн хийсэн энэхүү хэвлэлийн бага хурлынхаа мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө нотлох үүрэгтэй.
Ардчилсан намын ҮЗХ-ны 2012-5-24-ний хуралдаанаас би ҮЗХ-ний гишүүдийн 80,6 хувийн саналыг авч энэ дүнгээрээ жагсаалтын 9-д нэр дэвшихээр бичигдсэн нь СЕХ-нд АН-аас нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр албан ёсоор хүргүүлсэн ҮЗХ-ний 2012 оны 5 сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолоор нотлогдоно.
Тиймээс Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч Р.Гончигдорж миний бие Я.Содбаатарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.4, 35.24 дүгээр заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул мөн зүйлийн 35.35-д заасны дагуу МАН-аас УИХ-д нэр дэвшигч Я.Содбаатарыг нэрийн жагсаалтаас хасах арга хэмжээ авч өгөхийг хүсч СЕХ-нд хандан гомдол гаргаж байна” хэмээсэн байна.
Үнэн зөв мэдээллийг нягтлалгүйгээр ганцхан сонины анх гаргасан мэдээлэлд тулгуурласан түүний энэ үйлдэл нь үнэндээ ч МАН-ын нарийн бичгийн дарга хариуцлагатай албан тушаалтаны гаргамгүй үйлдэл бөгөөд тэрээр ийнхүү сонгогчдыг татах зорилгоор хийсэн мэдээлэл нь эргээд өөрийг нь нэр дэвшигчээс тауулах үндэслэл болоод байгаа аж.