УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Ингэснээр Цэц даргагүй болсон. Цэцийн даргыг эргүүлэн татах үндэслэлийг та юу гэж харж байна вэ. Үнэхээр хууль зөрчсөн юм уу?
-УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулганы зорилго нь зөвхөн Цэцийн даргыг эргүүлэн татах тухай асуудал байсан гэж зарим хэвлэл бичиж байна. Тийм зүйл биш шүү дээ. Ээлжит бус чуулган хуралдсан. Харин өмнө нь дээрх асуудлаар завсарлага авчихсан байсан учраас асуудлыг оруулж ирж, үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Үндэслэлийн хувьд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бүлэг болгож тодорхой хэлсэн. Түүнтэй санал нэг байгаа. Үндсэн хуулийн цэцийн дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж би хэлнэ. Зөвхөн хууль зөрчсөн гэх агуулгаар биш.
Хууль зөрчих нь өөрт хохиролтой, өрөөлд хохиролтой, зарим нь бүр төрд хохиролтой үр дагавруудтай байдаг. Үндсэн хуулийн цэцийн тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталсан байгаа. Хэдийгээр хуулийг баталсан өдрөөс нь эхэлж мөрдөнө гэсэн байдаг ч, түүний дараа хэн, ямар үед хуулийг хэрэглэж болох вэ гэдэг зүйл байдаг. Шүүх бол хэвлэгдсэн хуулийг л хэрэглэдэг шүү дээ. Түүнээс гадна Үндсэн хуулийн бусад байгууллагад хадгалагдаж байгаа эрхийг өөр нэг байгууллага дураараа эдэлж болохгүй. Эдэлж болохгүй гэдэг нь түүнийг нь хэрэглэх, эсвэл эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа явуулахад нь шууд саад, хориг тавих тухай асуудал юм. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн хийсэн үйлдэл бол цаг хугацааны хувьд маш бачимдсан зүйл байлаа. Өөрөөр хэлбэл, хуулийн эцсийн найруулга уншигдаагүй, Ерөнхийлөгч рүү очоогүй, бүр албан ёсоор хэвлэгдээгүй байхад “Энэ хуулийг албан ёсоор хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн нь маш буруу зүйл. УИХ-аар аливаа хуулийг баталсан бол холбогдох хуулийн дагуу хууль хэрэгжиж, түүний биелэлт хангагдаж, зохион байгуулалт хийгдэнэ. Мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон авах арга хэмжээнүүд хангагддаг. Харин үүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулах эрх хэнд ч байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг эрх байдаг. Тэр нь хориг тавиад, заалтаар нь юм уу, бүхлээр нь хэрэглэхийг түдгэлзүүлдэг эрх юм. Үндсэн хуулийн цэцийн хувьд Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлыг үүсгээд, дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцээд зөрчсөн гэсэн шийдвэр гарвал тухайн заалтыг түдгэлзүүлдэг. Түүний дараа эцсийн шийдвэр гарвал заалт хүчингүй болж, УИХ зохих өөрчлөлтийг оруулдаг юм.
-Тэгэхээр Цэцийн дарга цаг хугацааны хувьд маш яаруу шийдвэр гаргасан нь хууль зөрчихөд хүргэж, цаашлаад өөрийг нь огцруулах хэмжээнд авчирсан гэсэн үг үү?
-Цэцийн дарга яагаад яарсныг нь мэдэхгүй юм. Ямартай ч энэ үйлдэл нь маш хөнгөдсөн зүйл байлаа. Түүнээсээ болж хууль зөрчсөн. Төрийн эрх мэдлийг хууль бусаар өөртөө авах гэсэн хатуу нэр томъёо бий. Түүн рүү их дөхсөн байдлаар УИХ-ын эрхийг шууд зогсоож, нэг хүний зүгээс ийм зүйл гаргаж ярьсан. Тэр нь өөрөө энгийн хүн биш Цэцийн дарга байсан учраас энэ нь хуулийг илт зөрчсөн асуудал гэж хэлнэ. Тэгэхээр зүгээр нэг хууль зөрчсөн асуудал биш байгаа биз дээ. Тиймээс цаашид ийм байдлаар дур зоргоороо ажиллаж, төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдлийг ингэж хязгаарлаад байх юм бол Үндсэн хууль, төрийн хямралд орж болзошгүй. Азаар ийм эгзэгтэй эгшин энэ удаад байсангүй. Үүнтэй холбоотойгоор л Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татсан. Зөвхөн дарга биш гишүүнээс нь эргүүлэн татсан асуудал юм.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлсэн зүйлтэй санал нэг байгаа гэж та хэллээ. Жишээлбэл?
-Х.Тэмүүжин гишүүний хэлсэн гурван зүйлтэй санал нэг байгаа. Үүнд, Цэцийн бүрэлдэхүүний санал, илгээсэн газрын санал, хууль зөрчсөн байдал болон эрх бүхий байгууллагын оролцох оролцооны тухай асуудал багтаж байгаа юм. Илгээсэн байгууллага нь эргүүлэн татъя гэсэн санал оруулж ирж болно. Эсвэл ажиллаж байгаа тухайн байгууллага нь эргүүлэн татах тухай асуудал тавьж болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гаргаагүй байхад түүний өмнөөс Цэцийн дарга нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн, эсвэл саяынх шиг “Энэ хуулийн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэх зүйл хэлэх юм бол гишүүд нь өөрсдийгөө хамгаалаад эргүүлэн татах санал гаргаж болно гэсэн үг. Түүнээс гадна эрх бүхий байгууллагаас Цэцийн гишүүнийг чөлөөлөх санал мөн гаргаж болно. Сая өрнөсөн үйл явдал ингэж л явсан шүү дээ. Эрх бүхий байгууллага анх илгээсэн газраас саналыг нь асуугаад, түүнийгээ УИХ-д “Тусгайлсан санал” байхгүй гэж илтгээд, асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Маргаад байх зүйл байхгүй.
-Үүнийг дагаад Цэцийн гишүүд гарын үсэг зурж санал гаргасан шүү дээ?
-Тийм. Энэ явдал нь араасаа нэг зүйлийг хөлдөө чирсэн. Цэцийн дарга нь ийм шийдвэр гаргасны дараа Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсээгүй байхад Цэцийн найман гишүүн гарын үсэг зураад эргүүлэн татах асуудлыг Үндсэн хууль зөрчиж болзошгүйг анхааруулж байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ бол мөн л хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Уг нь Цэц өөрөө хууль дүрмийнхээ дагуу асуудлаа хэлэлцээд, шийдвэрээ гаргаад явдаг процедураараа л энэ бүх үгээ хэлэх ёстой. Гэтэл хуралдахгүйгээр, урьдчилж шийдвэр гаргасан. Маргаан байдаг. Үндсэн хуулийн цэц шүүх мөн үү, биш үү гэж. Ерөнхийд нь хэлэхэд, Үндсэн хуулийн цэц өөрт нь харьяалагддаг маргааныг шийдвэрлэж эцсийн шийдвэрийг гаргадаг. Өөрт нь харьяалагддаг маргаанд аливаа албан тушаалтны Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудал, мөн Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тухай асуудал багтана. Энэ байдлаараа эцсийн шийдвэр гаргадаг юм гэсэн ойлголт руу орчихсон. Нэгэнт шүүх юм бол Шүүхээс шийдвэр гаргахаас өмнө ам бариатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн урьдчилсан дүгнэлттэй байж хэзээ ч болохгүй. Хэрвээ урьдчилсан дүгнэлт хийсэн бол тухайн асуудлаарх маргааныг хэлэлцэхэд оролцох ёсгүй. Тэгэхээр гарын үсэг зурсан Цэцийн найман гишүүн Цэцийн даргыг эргүүлэн татах асуудал дээр үүссэн маргааныг хэлэлцэхэд оролцох боломжгүй болчихож байгаа юм. Үүнээс болоод Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаар шийдвэр гаргачихлаа, УИХ харин яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм бэ гэсэн дараагийн өөр нэг маргаан үүссэн. Ингэхээр бүх юм ойлгомжтой байгаа биз дээ. Хэвлэгдсэн хуулийг үндэслэж л маргаан үүсгэх ёстой. Хэвлэгдсэнийх нь дараа энэ тухай ярих ёстой байсан юм. Цэцийн даргыг эргүүлэн татах асуудлын эргэн тойронд ийм л зүйл болсон. УИХ ямар нэгэн өөр зорилгоор бус өөрт буй үүргийнхээ дагуу харьцсан юм. Цэц, УИХ ингэж л харьцахгүй юм бол өөр субьект дээр яаж харьцах юм бэ.
-Сөрөг хүчин мөн Цэцийн даргын асуудлыг хэлэлцвэл УИХ өөрөө хууль зөрчинө гэсэн байр суурийг илэрхийлээд байсан?
-Цэцийн эргэн тойронд болсон үйл явцыг би тайлбарлалаа. Харин тэнд ямар шалтаг, шалтгаан байгааг нь мэдэхгүй. УИХ дээр энэ асуудлыг хэлэлцсэн эхний өдрийн хуралдаанууд дээр МАН-ын бүлгийн зарим гишүүний байр суурь уг нь өөр байсан юм. Харин сүүлдээ эргээд завсарлага авах хэмжээнд хүрээд, бүр хэлэлцүүлэгт оролцохгүй болоод явчихсан. Тэд нарт өөр эрх байсан байхгүй юу. Юу гэхээр, УИХ-ын дэгийн тухай хуульд “Тухайн асуудлыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл УИХ-ын гишүүн ирцэнд орохгүйгээр, хуралдаанаас гарах нэг эрхтэй” гэсэн байдаг юм. Тэр механизмыг хэрэглэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, хуралдаанд орж ирээд, ийм учраас хуралдаанд суухгүй гээд, ирцэнд орохгүйгээ хэлээд гарах ёстой байсан юм. Тэрнээс биш бойкотлох замаар асуудалд хандах нь буруу. Тэгж бойкотолж байгааг нь миний хувьд ойлгохдоо МАН-ынхан тухайн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг чуулганы танхимд ороод ярих юм бол ямар ч амжилт олохгүй гэдгээ мэдээд зугтаасан гэж харж байна. Үгүй юм бол УИХ-ын албан ёсны чуулганд ороод хэлэх ёстой байсан шүү дээ. Албан ёсны институц дээр албан ёсны байр сууриа илэрхийлж чадахгүй байна гэхээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлдээ бүрэн итгэхгүй байгаагийн илрэл биз дээ. Тийм учраас товчхондоо улс төрийн шуугиан хэлбэрээр асуудлыг ярихаас өөр аргагүй байсан байх. Бусад хардалт, сэрдэлтийг би мэдэхгүй юм.
-Ер нь УИХ болон Үндсэн хуулийн цэц хоёрын хоорондын харилцааны “цаг агаар” хэзээнээс ингэж муудсан юм бэ. Эсвэл угаасаа байх ёстой зүйл юм уу. Энэ эрүүл үзэгдэл үү?
-Муудсан гэдэг үгийг төрийн байгууллагуудын хоорондын харилцаанд хэрэглэж болохгүй. Муудна гэдэг бол шал өөр утгатай үг. УИХ, Цэц хоёрын дунд зайлшгүй мэтгэлцэх, маргааны төвшинд албан ёсоор хэлэлцэх асуудлууд бий. Харин тэр нь Үндсэн хууль болон бусад хуулиудтай нийцэж байна уу, үгүй юу гэдэг нь чухал. Түүгээрээ Цэц нь хэрэг үүсгэдэг. Харин УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлбэртэйгээр оролцож, маргааныг хянан хэлэлцэж, шийдвэр гаргадаг юм. Түүний дараа тухайн хуулийн заалтуудыг түдгэлзүүлдэг, УИХ руу орж ирдэг. УИХ түүн дээр нь өөрийнхөө байр суурийг тодорхой үндэслэлтэйгээр илэрхийлж, Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нь дэмжээгүй бол Цэц уг асуудлыг эхнээс авч хэлэлцдэг юм. Эхнээс нь гэдгийг тодотгож хэлье. Тэгэхээр яах ч аргагүй энэ хоёрын албан ёсны харилцаа ийм л хэлбэртэй юм. Муудалцлаа гэдэг үг рүү оруулах олон шалтаг, шалтгаан гардаг. Жишээлбэл, УИХ маш чухал бодлогын шинжтэй асуудлаар шийдвэр гаргалаа гэж бодъё. Иргэний хууль дахь үл хөдлөх хөрөнгийн барьцааллын тухай асуудлуудыг энд нэрлэж болно. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү орох боломжийг нь нээж өгсөн энэ хууль дээр Цэц Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлт гаргаад зогсоох нь буруу зүйл юм. УИХ бухимдаж байгаа зүйл биш шүү дээ. Ингээд дүгнэлт гаргачихаар тухайн хуулийг хэрэглээд орон байшинтай болж, түүн дээрээ тулгуурлан банктай харьцаж зээл аваад, мөнгө босгоод явах гэж байсан хүмүүсийн маш том боломжийг нь хаачихаж байна гэсэн үг. Хамгийн гол нь Цэц, УИХ хоёрын хооронд асуудлыг бодитойгоор хэлэлцэж, шүүн ярилцахад дутаад байгаа процессууд байгаа юм. Цэцийн гишүүн Үндсэн хуулийн дүгнэлтээ УИХ-д оруулж ирчихээд л гараад явчихдаг шүү дээ. Тэр хүнээс асуулт асууж болдоггүй. Асуулт асууна гэдэг нь маргаан хянан шалгах ажиллагаанд нь нөлөөлж байгаа асуудал биш юм. Түүнийг нөлөөлөл гэж үзэх юм бол УИХ дахин асуудлыг нь авч үзэхийг болиулчих л хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт орно гэсэн үг шүү дээ. Ялгаа байхгүй. Ер нь эрх мэдэл хэдий том байна, төдий чинээ болгоомжтой хэрэглэх ёстой юм. Хугацаа нь болоогүй байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүд гарын үсэг зурж, УИХ-д дүгнэлт ирүүлж байгаа асуудал ч үүнд хамаатай. Тэгж болохгүй шүү дээ. Хуульд асуудал байгаа юм биш. Хуулийг зөв хэрэглэх асуудал дээр л алдаа гаргаад байгаа юм.
Хууль санаачлаад УИХ-аар хэлэлцэж эхлэхэд нь Үндсэн хуулийн цэц түүнийг нь авч хэлэлцээд хэлэлцүүлгийн үеэр энэ хэсэг нь Үндсэн хууль зөрчих гээд байна шүү гэсэн санал ирүүлдэг статустай бол хамаа алга. Гэхдээ тийм биш шүү дээ. Зөвхөн маргаан үүсэхэд түүн дээр үндэслэж асуудал явдаг. Мөн маргаан үүсгэх гэж байгаа хууль нь хэвлэгдээд, хүчин төгөлдөр болсон байх учиртай юм. Сүүлд нь хэлэхэд Цэц, УИХ-ын хооронд Үндсэн хуулийг сахих тухай асуудлаар хууль эрх зүйн хувьд боловсронгуй болох ёстой. Харин хууль ёсоор тавигдсан маргаан хууль бус шинж рүү орчихоор хүмүүс өөрийн тань асуусан шиг энэ хоёр байгууллага хоорондоо муудалцсан гэж яриад байгаа юм.
-Үндсэн хуулийн цэц одоо даргагүй болсон. Үүнийг дагаад дараагийн дарга нь хэн байх вэ гэсэн асуулт гарч иржээ. Хамгийн түрүүнд Үндсэн хуулийн цэцийн дараагийн дарга нь Р.Гончигдорж байна гэсэн мэдээлэл гарсан байна. Та үүнд хариулт өгөхгүй юү. Та Цэцийн дарга болох уу?
-Нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэт мушгисан яриа гарахад эмзэглэж байлаа. Энэ бол тийм зорилготой зүйл огт биш юм. Харин Цэцийн даргыг томилох асуудал ёс, журмынхаа дагуу л явна шүү дээ. Цэцийн нэг гишүүн нөхөгдөж томилогдох ёстой. Цэц өөрөө хуралдаж байж дотроосоо энэ асуудлаа шийддэг. Тиймээс асуудлыг урьдчилаад, бүр тодорхой хүн дээр хамааруулж болохгүй. УИХ-ын гишүүн болоод хувь хүнийхээ хувьд хэлэхэд сая болж өнгөрсөн зүйл шиг үйлдэл гаргадаггүй, хууль зөрчдөггүй Цэцийн гишүүн, Цэцийн дарга л томилогдох ёстой.
“2016 ОНЫ СОНГУУЛЬД АН ОЛУУЛАА БИШ ОЛОНХИ БОЛОХ ЗОРИЛГО ТАВИХ ЁСТОЙ”
-Хоёулаа сэдвээ өөрчилье. Сонгууль ойртож, улс төрийн намууд түүнд ихээхэн ач холбогдол өгч эхэллээ. Анхаарал хандуулах цаг үе нь ч мөн байх. АН-ын зүгээс ИЗНН болон МҮАН-тай нийлэх санал тавьсан. Энэ асуудал дээр таны байр суурийг сонирхмоор байна?
-Эхний төвшинд АН-тай хамтрах асуудлыг тавьж байгаа юм. Дараа нь хуулийн этгээдийн хувьд нэгдэх тухай асуудал яригдана. Хоёр өөр шатлалтай зүйл юм. Намын удирдах байгууллага саналаа ямар ч байсан тавьсан. Асуудал үргэлжилж байна. Тиймээс хувь гишүүнийхээ хувьд ямар нэг тайлбар хэлэхгүй. Албан ёсны санал өгч оролцдог ҮЗХ-ны хуралдаан дээр байр сууриа илэрхийлнэ. Түүнээс цаг хугацаа болоогүй, үйл явц дуусаагүй байхад байр сууриа илэрхийлэхгүй.
-Тэгвэл албан ёсоор байр сууриа илэрхийлэх ҮЗХ хэзээ хуралдах юм бэ?
-Хэзээ хуралдахыг нь сайн мэдэхгүй байна.
-ҮЗХ дээр бусад намтай нийлэх асуудлыг дэлгэрэнгүй ярих байх даа?
-Тийм. Нам шийдвэр гаргана. Харин би юу хүсч байна гэхээр, ер нь улс төрийн намууд өөрсдийн үзэл баримтлал, нэгдмэл байдлаараа хамтарч байгаасай гэж хүсдэг. Энэ нь зөвхөн сонгуулиар бүү хязгаарлагдаасай гэж боддог. Сонгуулийн дараа ч гэсэн хамтарч ажиллаж байж үнэ цэнээ хамгаалах ёстой. Үнэ цэнэ бол хамгийн чухал зүйлүүдийн нэг шүү дээ. Харин хамтрахын оронд сөргөлдөөд зогсчихоор бүх зүйл урагшлахаа больчихож байгаа юм.
-Хамтрах тухайд гэвэл МАН, АН хоёр хамгийн олон удаа хамтарсан байдаг байх аа?
-МАН, АН хоёр бол Монголын нийгэмд томоохон хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн намууд шүү дээ. Би жижиг намууд гэж хашилтад хийхгүй. Том, жижгийг сонгуульд авдаг саналын хувиар нь л ярина. Ийм намууд хариуцлагатай байх ёстой. Энэ хариуцлага нь эцсийн дүнд нийгэмд эерэг зүйл авчрах зорилготой байх ёстой. Үүний төлөө хамтарч л ирсэн шүү дээ. 2004-2008, 2008-2012 он гээд ярьж болно. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд ч гэсэн нэг жил орчим хугацаанд хамтарч үзлээ ш дээ. Өмнө нь хамтарч байсан жилүүдэд ололттой, амжилттай ажиллаж ирсэн олон жишээ байдаг. Үүнийг үгүйсгэхгүй. Маш сайн хамтарч байсан гэж хэлж болно. Улс төр бол улс төр шүү дээ. Үе үе асуудал гарч байсан нь үнэн. Гэхдээ хамгийн сүүлд нэг жил орчим хугацаанд хамтрахад үр дүнтэй зүйл огт байсангүй. Үнэхээр ажил хийе гээд байгаа бол хамтраад үзье гэсэн шийдвэрийг уг нь гаргасан юм. Гэтэл МАН-ынхан хамтраад юм хийе биш, эрх мэдэлд хүрээд түүнийгээ өөр зорилгоор ашиглая гэсэн зорилготой байсан. Уг нь хамтарч хийх ажлын жагсаалт гаргасан байсан юм. Гэтэл түүнээс нэгийг ч хийгээгүй. Тэгээд арга буюу эргээд салсан даа. Тийм сэтгэлтэй байвал яаж цаашид хамтраад яваад байх юм бэ.
-Өмнө нь хамтарч байгаад 2012 оны хавар АН хамтарсан засгаас гарч байсан байх аа?
-2012 оны хавар Н.Алтанхуяг АН-ын дарга байхад хамтарсан засгаас гарсан ш дээ гэж ярьдаг л юм. Тэр үед өөрөө хэлж байсан шүү дээ. Одоо сонгууль боллоо, сонгуулийг сонгууль шиг байлгая гэж. Үнэхээр тийм. Хоёр гол нам нь хамтарсан засагтай байвал сонгуульд ямар өрсөлдөөн гарах юм бэ.
-Өнгөрсөн долоо хоногт МоАХ-ны анхдугаар хурлын 26 жилийн ойн өдөр тохиосон. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ биднийг олонхи болгоод өгөөч гэсэн утгатай зүйл хэлсэн. АН олонхи биш ч олуулаа ш дээ?
-Олонхи биш. Олонхи гэдэг бол шийдвэр гаргах төвшний хуулиар тогтоож өгсөн эрх мэдлийн хэмжээнд байх тухай асуудал юм. 1996-2000 онд олонхи байсан гэж ярьдаг. Гэвч тэр үед олонхи байхын тулд 51 гишүүнтэй байх ёстой байсан. Яагаад гэвэл УИХ-ын чуулганы хуралдааны ирц 51 хүнээр бүрддэг байсан юм. Тиймээс 51 гэсэн олонхийн хэмжээнд хүрээгүй учраас бид хуралдаанаа явуулж чадахгүй байсан. Түүнийг нь ашиглаад хэдэн сар, өдрөөр хурал тасалддаг байсан шүү дээ. Одоо ч гэсэн хэдийгээр 35 гишүүнтэй ч ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байж УИХ дахь олонхийг бүрдүүллээ. Нэг хэсэг МАН-тай хамтарч, олонхийг мөн бүрдүүлж байсан. Гэтэл эгзэгтэй үед олонхи маань олонхи биш болж хувирч байна. Сая харлаа шүү дээ, олонхийг бүрдүүлж байгаа МАХН-ын гишүүд хуралдаа орж ирэхгүй болохоор л хуралдаж чадахгүйд хүрсэн. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг шиг зовсон хүн бол зовлон мэддэг. Манай намын хувьд дандаа ийм явж ирсэн. Тэгээд тэр үе нь эдийн засгийн хамгийн хүнд үе таардаг. 1996-2000 он. Тухайн үед хамгийн хэцүү нь дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ хамгийн доод төвшиндөө хүрч байсан. Тэр үед ганц Эрдэнэт л байлаа шүү дээ. Түүний дараа зэсийн үнэ өсөөд, дагаад Оюутолгойн хөрөнгө оруулалт идэвхжиж эхэлсэн байдаг. Гэтэл ингэж явсаар 2012 оноос дахиад л бүх түүхий эд, баялгийн үнэ дэлхийн зах зээлд уначихсан. Гэхдээ АН-д энэ үеийг үүрүүлье гэж ард түмэн сонгосон учраас голлоод л ажилласан. Бид олуулаа болсноос биш олонхи болоогүй юм.
-Тэгэхээр ирэх сонгуульд олуулаа биш олонхи болно гэсэн үг үү?
-Тийм. 2016 оны сонгуульд АН олуулаа биш олонхи болоод орж ирэх зорилго тавих ёстой.
-Үнэхээр 1996-2000, 2012-2016 онд эдийн засгийн гол үзүүлэлтүүд бууралттай байсан. Зарим нь үүнд АН л буруутай мэтээр тайлбарладаг?
-Биднээс хамаарахгүйгээр дэлхийн эдийн засаг, түүний хямралын үе явдаг. Бид юугаар мөнгө олдог юм. Одоохондоо түүхий эд, байгалийн баялгаар шүү дээ. Бид бодлогоо өөрчлөөд явж байгаа. Жишээлбэл, мал аж ахуйн гаралтай түүхий эдээ өөрсдөө боловсруулдаг болж байна. Энэ бол манай улсын тогтвортой эдийн засгийн суурь. Эцсийн бүтээгдэхүүний үнэ буурна гэдэг бол харьцангуй асуудал. Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ буурна гэснийг алт, зэстэй адилтгаж болохгүй. Гэхдээ тансаг хэрэглээ бол буурдаг. Ноолууран бүтээгдэхүүн тансаг хэрэглээнд ордог шүү дээ. Түүнээс гадна энэ хямралыг давах гол хүчин зүйл нь нэр бүхий бондууд байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Бондын хөрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжиж, зам, харилцаа, гудамж талбай гээд маш олон бүтээн байгуулалт, арга хэмжээг хэрэгжүүлж ажилласан байна. Бүгд л мэдэж байна шүү дээ.
-Бонд гэж ярьсных сар шинийн баярын өмнө Засгийн газар олон улсын зах зээлд дахин бонд гаргах гэж байсан юм билээ. Гэтэл нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудал оруулж ирсэн нь тус ажлыг гацаанд оруулсан гэж Засгийн газрын зарим гишүүн тайлбарлаж байсан?
-Бонд хэдэн хувийн хүүтэй байх вэ гэдэг нь Монгол Улсын улс төрийн тогтвортой байдал, Засгийн газарт итгэх итгэлийн тухай асуудлаас хамаарна. Гэтэл яг тэр үед нь Засгийн газрыг огцруулах асуудал тавьчихаар манай улсад итгэх тогтвортой байдлын рейтинг яаж буурах вэ. Түүнтэй холбогдуулаад бондын хүү нэмэгдээд явчихна шүү дээ. Засгийн газрыг, Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал тавьж бололгүй яахав. Гэхдээ Засгийн газар огцрохгүй гэдэг нь бараг л ойлгомжтой зүйл байсан шүү дээ. Гэтэл заавал тийм үед асуудлыг оруулж ирэх ямар хэрэгтэй байсан юм. Хэнд хохиролтой болов. Монголын ард түмэнд.
-Үүнийг популизм гэж яриад байгаа шүү дээ. Популизмд ер нь сайн тал гэж байдаг юм уу. Дандаа муу талаас нь бичээд, яриад байдаг?
-Улс төрийг үзэл бодол, үйл ажиллагааны шинж чанар, зорилго, үр дүнгийн хандлагаар нь олон ангилдаг. Коммунист, анархист, консерватив, либерал гэх мэт. Улс төр судлаач биш учраас нарийн хэлж мэдэхгүй. Гэхдээ популизм гэдэг бол үеийн үед л байсан зүйл. Гэхдээ популизмын шинж чанар, зорилго нь тухайн цагтаа янз янз байсан байх. Өнөөдөр харин манайд яриад, ойлгоод байгаа популизмыг ер нь л муу талаас нь ярьж байна. Уг нь популист байна гэдэг нь өөрөө олон нийтэд хамааралтай, олон нийтийн төлөө байна гэсэн сайхан агуулгатай юм. Энэ их популярны хүн ч гэж ярьдаг. Популярны хүн гэвэл олон нийтэд танигдсан, олон нийтийн төлөө ажилладаг хүнийг хэлдэг. Гэвч энэ агуулгаасаа аль хэдийнэ хөндийрчихсөн байна. Засгийн газрыг огцруулах асуудал тавьсан цаг үеийг нь хар л даа. Энгийн жишээ л энэ. Асуудлыг яаж тавибал сайн, яаж тавибал муу популизм болох вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэг зүйлд л гайхаад байгаа юм. Бүхэл бүтэн судалгааны хүрээлэн гаргах тооцоог нэг гишүүн гаргачихаад, шууд дүгнэлт хийгээд ярьж байна. Дээд зэргээр гайхдаг шүү. Янз бүрийн том төслүүд, байгаль орчны үнэлгээний асуудлууд, эдийн засгийн гол үзүүлэлт, валютын ханш, инфляц гэх мэт. Энэ тооцоо, үзүүлэлтүүдийг уг нь томоохон хэмжээний мэргэжлийн хүмүүсийн баг бүрэлдэхүүн гаргадаг юм. Гэтэл цээжээрээ яриад байхыг популизмаас долоон дор зүйл л гэж хэлнэ дээ. Ийм хүмүүсийг популист биш монголчилбол мэдэмхийрэгч гэдэг юм. Тэр мэдэмхийрсэн зүйлээ төрийн бодлого руу оруулах гэж оролддогийг нь харин популизм гэж хэлье. Нөгөө талаас тайлбарлавал хүмүүсийн өнгөн сэтгэлгээн дээр тоглолт хийж таалагдах гэсэн зүйл юм.
-Одоогийн популист хүмүүсийг популярны гэж хэлэхэд тэгвэл хэцүү байх нь?
-Тодорхой хүн дээр хэлэхгүй. Ерөнхийд нь хэлж байна. Популизмаар популяр хүн болж болдоггүй.
-Сүүлийн асуулт. Хямрал, маргаан, зөрчил, сонгууль гээд олон зүйлийг Үндсэн хуультай холбон тайлбарлах боллоо. Энэ ч үүднээсээ сонгуультай хамт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард түмнээсээ асуухаар болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу. Та үүнийг дэмжиж байгаа юу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлаар Л.Цог гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг жил гаруй хугацаанд ажиллаад өөрчлөлт оруулах цаг нь болсон юм байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Түүний дараа УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие байгаа. Үндсэн хуулийг боловсруулж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гишүүн, депутат байсан хүмүүс дээр улс төрийн намуудын төлөөллийг мөн багтаасан. Үндсэн хуулиа боловсронгуй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг олон жишээ баталж байна. Түрүүн ярьсан Үндсэн хуулийн цэц болон УИХ, мөн УИХ болон Засгийн газар, орон нутаг болон засгийн эрх мэдлийн хоорондын харилцааны асуудал гэх мэт олон зүйлүүдийг цэгцлэх, боловсронгуй болгох шаардлага байгаа. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж би хэлнэ. Нэгд, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Эсвэл сонгууль болохоос зургаан сарын өмнө УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурвын саналаар өөрчилж болдог. Гэхдээ УИХ-аар өөрчлөх хугацаа нь алдагдчихсан. Оролдлого хийгээд болоогүй. Тэгээд ч ер нь энэ асуудлаар ард нийтээс асуух нь зөв гэж үзсэнээр Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг Сонгуулийн хуультай уялдуулаад эцэслэн баталсан байгаа. Үндсэн хуульд “Төрийн бүх эрх мэдэл ард түмэнд хадгалагдана” гэж заасан байдаг. Ард түмэн тус эрх мэдлээ өөрөө шууд оролцох болон сонгож байгуулсан байгууллагаараа дамжиж хэрэгжүүлдэг. Шууд оролцох гэдэг нь ард нийтийн санал асуулгыг хэлж байгаа юм. Сонгуулийн үеэр гурван багц асуудлаар санал асууж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яригдаж байна. Ерөнхийдөө саналууд боловсруулагдсан байгаа. Гэхдээ хараахан эцэслэгдээгүй байна.
Г.БАЛЖИННЯМ
Сэтгэгдэл (15)