
"Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо"-ноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа. Тус холбооноос "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 397,0-572,0 мянган төгрөг, түүнийг асарч буй асран хамгаалагч нар 302,5 мянган төгрөг авч байгаа нь өнөөгийн амьжиргааны өртөгт хүрэхгүй байна. Мөн хүний эрх, нэр төртэй амьдрах боломжийг хязгаарлаж байна. Бид шаардлагаа илэрхийлж жагсахад бэлэн" гэлээ.
Түүнчлэн жагсаал зохион байгуулахад бэлэн гэвч жагсахад биеийн болон эрүүл мэндийн хүндрэл үүсдэг. Улмаар удаан зогсох, даарах нь эрүүл мэнд, амь насанд аюултай учир дараах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаарджээ:
- Олонх нь гэр бүл, асран хамгаалагчдаас хараат тул тэдний дэмжлэг, зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй
- Жагсаалд ирэх, буцахад туслах ажилтан, туслах хэрэгсэл, унаа такси зохион байгуулах
- Дуу хоолойгоо илэрхийлэхэд дохионы хэлмэрч, харилцааны туслах, чиглүүлэгч сайн дурынхан зайлшгүй шаардлагатай
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрсдэлд хүргэхгүйгээр, бодит шийдвэр, анхаарал, дэмжлэгтэйгээр асуудалд хандахыг хүслээ.





















































