Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэд гол усны эргээр амрах зугаалах нь ихэсчээ. Гэвч санамсар болгоомжгүйгээсээ болж, усанд унаж амиа алдах хэрэг их гарч байгаа аж. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын нэгдүгээр багийн “Бухын голын адаг” гэдэг газар “Сэлэнгэ” мөрөнд Орхон аймгийн харьяат иргэн 26 настай, эрэгтэй Д унаж осолджээ. Түүнийг эрэн хайх ажлыг Онцгой байдлын алба хаагчид явуулж байна. Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, “Дунд нуур” гэдэг газар, алтны уурхайд ашиглаж байсан хиймэл нууранд 20 настай, эрэгтэй Д унаж амиа алдсан байна. Түүнчлэн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрд” гэдэг газар зусаж байгаа иргэн Д-гийн 13, 16 насны хоёр эрэгтэй хүүхэд цөөрмийн усанд унаж осолджээ. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг болгоомжтой байхыг анхааруулж байна. Б.Чимэг



















































