Манай улсын эдийн засаг сэргэж байна. Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр нийслэл хот маань хөшөө дурсгал, хятадын гэрлэн чимэглэл бүр хиймэл зүлгээр гангарч их зүйл амжуулсан дарга нар зурагтаар хийсэн ажлаа ам хуурайгүй ярьж байна. Хөрөнгө оруулалт өмнөх жилүүдээс их л олон дахин нэмэгдсэн юм байх. Аргагүй тэгсэн болоод л Сүхийн талбай хужаа гэрлээр дүүрч, жилийн өмнөхөн зассан замаа дахин ховхолж, гудамжны хоёр талаар хиймэл цэцэг шороонд хатгаж дүүргийнхээ ойг тэмдэглэх хэмжээнд хүртэл баярхах боломж нээгдсэн хэрэг. Энэ мэт олон жишээг бид дурдаж чадна. 2012 онд Нийслэл хотын бүх дүүргийг хог тээвэрлэх машинаар хангах шийдвэр гарч багагүй мөнгө дүүргүүдэд хуваарилагджээ. Нийслэлийн Багануур дүүрэгт л гэхэд 5 хороонд нэг машиныг 90 сая төгрөгөөр тооцон 450 сая төгрөгийг өгчээ. Ингэхдээ тендер зарлаж хамгийн гол шалгуур нь эдэлгээ даах Япон, Солонгос машин сонгох хэрэгтэй гэсэн чиглэл дүүргүүдэд өгөгдсөний дагуу машинуудаа сонгосон байна. Гэтэл зөвхөн Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир л Хятадаас машинуудаа нийлүүлж хотын захиргаа хүлээж авахгүй гэж хэлсээр байтал дур мэдэн хүлээн авч, Бас болоогүй дүүргийнхээ гудамжуудаар давхиулж сүрийг үзүүлсэн юм байх. Isuzu нэртэй хятад машиныг урдаас авахад 30 гаран сая төгрөг болдог бөгөөд машины үйлдвэрүүдийн веб сайтаас нь ороод харахад үнийг нь мэдэж болно. Alibaba.com-оос isuzu dump гээд ороод үзээрэй. Байг гэхэд “Да хүрээ” дээр машин зардаг захын ченж л үнийг нь хэлээд өгч чадна шүү дээ. Таван машиныг нийтдээ 150 сая төгрөгөөр авсан юм бол үлдсэн 300 сая төгрөг хэний халаасанд орсон байх вэ?. Эсвэл нөгөө муу хятадууд нь засаг даргыг хятад хэл мэдэхгүйг нь далимдуулаад хулхидчихсан байх нь уу. Энэ мэт дураараа дургисан үйлдлийг Авлигатай тэмцэх газар болоод холбогдох байгууллагууд нь шалгах ёстой. Би сэтгүүлч хүнийхээ хувьд энэ үйлдлийг хардаж байна. Хардахын зэрэгцээ бухимдаж байна. Төсвийн хөрөнгө бол миний, таны хөлсөө урсгаж олсон хэдэн бор төгрөгнөөсөө улсынхаа хөгжлийн төлөө өргөдөг төлөөс болохоос хэн нэгэн илүү харсан нөхрийн сонгуулийн сурталчилгааны хандив биш. Эх сурвалж: Өдрийн сонин



















































