2012 он уг нь Монгол Улсын хувьд их бүтээн байгуулалтын жил. Тиймээс Хөгжлийн банк гэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэгчийг буй болгосон. Тус банк ойрын дөрвөн жилдээ 5.5 их наяд төгрөг олж, “100 мянган орон сууц хөтөлбөр”, “ Шинэ төмөр зам төсөл”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөл”, “Хот хөдөөг холбосон авто зам”, Дулаан хангамж, цахилгаан хангамж, цэвэр бохир усны гэх зэргээр нэлээн хэдэн томоохон төсөл санхүүжүүлэхээр болоод байгаа. Гэхдээ энэ жилийн хувьд Хөгжлийн банк 600 сая ам.долларыг хоногийн 98 мянган ам.долларын хүүтэй олж ирсэн. Энэ мөнгө одоогоор хөдлөөгүй байгаа л даа. Учир нь “100 мянган орон сууц хөтөлбөр”-ийн хувьд зээлийн эх үүсвэрийг одоогоор арилжааны банкууд өөрсдөө гаргаж байна. Төмөр замын хувьд хөдөлсөн юм алга. Концессын гэрээний дагуу гээд хувийн компаниуд зам барилгын ажлаа эхэлсэн төдий л байна. Сайншанд төслийн хувьд цаасан дээр л хэвтэж байна. Тэгэхээр хөгжлийн банкны 600 сая ам.доллар өдрийн 98 мянган ам.долларын хүүгээ төлсөөр сул байгаа нь үнэн. Гэсэн ч энэ мөнгийг дээрх төслөөс өөр зүйлд зарцуулах эрх хэнд ч байхгүй. Саяхнаас харин нэг сонин мэдээ дуулдах болов. Юу хэмээвээс ахмадууд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийн үлдэгдэл 670 мянган төгрөг буюу нийт 220 тэрбум төгрөг харамсалтай нь одоог хүртэл Засгийн газрын халаасанд байхгүй тул хаа нэгтэйгээс мөнгө хайж олохоор сайдууд сандралдаж буй гэнэ. Хэрвээ мөнгөө хайж олоод сонгуулиас өмнө ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөхгүй л бол МАН болоод түүний Засгийн газар амласан мөнгөө өгөөгүйн төлөө ард түмнээс муу дүн хүртэх гээд байдаг.
Тиймээс ёстой л алтан загасны эмгэн шиг МАН-ын удирдлагууд хэдэн сайдаа үглэж загнаад тал тал тийш нь гаргасан аж. Монголбанкнаас мөнгө зээлсэн гэх . Тэр нь бас л хэл ам дагуулаад байгаа. Хэрвээ ахиад мөнгө зээлэх шаардлага гарвал тал тал тийшээ сурталчилгаагаа хийгээд гүйж байгаа хэлэн гишүүнийг цуглуулж ирээд их хурлын тогтоол гаргуулах шаардлагатай. Гэтэл сонгуульд саналаа өгөх хугацаа өдөр өдрөөс богиносч, 14 хоног ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс боловсон” дээрэм хийхээс” өөр арга үлдээгүй бололтой.
Харин хэн нэгнийх нь толгойд хөдлөхгүй хэвтэж байгаа 600 сая ам.доллараас зээлэх мэргэн санаа орсон бололтой. Энэ талаар зарим УИХ-ын гишүүн бүүр анхааруулах боллоо. 220 тэрбумыг нь зээлээд л өгчихье. Тэгээд Эрдэнэс MGL мөнгө өгөнгүүт нь буцаагаад өгье гээд ёстой “ Гахай гахай хялгас өгөөч… “ хэмээн гуйж гүйдэг Шоргоолжны үлгэрийн нэгэн адил зүйл болоод буй гэнэ. Хамгийн аймшигтай нь “ За хэзээ нэгэн цагт буцаагаад өгөх биз дээ гэж бодоод зээлчихлээ гэхэд…
1.Өнөө яригдаад байгаа 100 мянган айл хөтөлбөрийн жилийн зургаан хувийн хүүтэй 50 сая хүртэлх төгрөгийн зээлд хамрагдсан хүн нь одоогоор 100-гаад л байгаа бол Хөгжлийн б анкнаас л мөнгө л гарчихвал шууд зогсох нь тодорхой.
Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банк 1764 айлын 28 орон сууцны барилга бүхий “Буянт-Ухаа” хороололд 77 тэрбум төгрөг, сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг давхар шийдсэн 3955 айлын орон сууцны “Шинэ Яармаг” хороололд 230 тэрбум төгрөг, Яармагийн гүүрний хажууд барих 1152 айлын орон сууцны хороололд 20 гаруй тэрбум төгрөгийг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй.
2. Төмөр зам төслийн хувьд мөн л Хоосон халаастай Хөгжлийн банкинд этгээд л 1 км замыг 2.5 тэрбум төгрөгөөр тавьж суух уужуу дотортой бизнесмэн хэд бол доо. Уг нь Хөгжлийн банкнаас аль хэдийнэ 399 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох болсон ч Засгийн газрын хувьд тодорхой шийдвэр гаргаж чадахгүйгээс энэ төсөл бас л гацаатай л байна.
3. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хувьд бүүр ч ярих юм биш. Мянгуужингийн үлгэр дээ гээд л өөрийгөө тайвшруулах л хэрэгтэй. Газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, коксын үйлдвэр, Зэс боловсруулах үйлдвэр гээд сайхан мөрөөдлийн зүүд хэзээ ч биелэхгүй нь дээ хэмээн шүүрс алдаад л суухаас өөр яалтай.
Гэтэл энэ бүх төслөө МАН-ын мөрийн хөтөлбөр 100 хувь биелж, иргэн бүрт 1.5 сая төгрөг олголоо гэх төгсгөлтэй үлгэрт зориулан тахил болгох хэрэг үү.
Ард түмэн төрийг, Засгийн газрыг, эрх баригчдыг хардах эрхтэй. Хамгийн гол нь энэ хардлага үнэн биш байгаасай гэдэгт итгэх ёстой болох нь.
Ардчилал 2012.06.17



















































