Сонгуулийн санал хураалт болоход есхөн хоног дутуу байгаа тул нэр дэвшигчдийн амьсгаа дээгүүр байна. Хэдхэн хоногийн дотор улс төрийн карьер нь шийдэгдэх гэж буй тул хаа хаанаа нэлээд бухимдангуй байгаа юм. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт МАН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигч гэхэд хоорондоо нэлээн ширүүн муудалцаад авчээ. Энэ тойрогт МАН-аас Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар хамт нэр дэвшиж байгаа. Анхандаа тэд эвтэй найртайгаар сонгуулийн штабаа байгуулж, сурталчилгаагаа хамт явуулж байсан ч зарим зөрчлөөс болж “өрх” тусгаарлажээ. Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа бол энэ тойрогт олон жил ажилласан, ер нь нийслэлийн аль дүүрэгт ч нэр дэвшсэн танигдсан хүн. Харин Сангийн дэд сайд Ч.Ганхуяг сонгуулийн сурталчилгаанд анх удаа явж байгаа. Тиймээс нэр дэвшигч Ц.Цогзолмаа өөрийгөө илүүд үзэж, сонгуулийн штабын ажлыг явуулахдаа залуу дэд сайдын урдуур орж юм л бол “би, би” гээд байж. МАН-ын нэрийн өмнөөс хамт дэвшиж байгаа боловч өөрийн карьераа илүүд үзсэнд дургүйцэж байгаагаа Ч.Ганхуяг ч илэрхийлсэн аж. Тиймээс тэдний хооронд зөрчил үүсч, сонгуулийн штабаа салгаж, тус тусдаа байгуулсан байна.
Автобусанд сууж, дугуй унаж, гудамжаар гүйж, талхны үнэ ярьж яваа Сангийн дэд сайдын сурталчилгааны арга барил олон жил юм үзэж, нүд тайлсан Ц.Цогзолмаа хатагтайд ч мөн таалагдаагүй бололтой. “Ерөнхий сайдын хүн” гэсэн тодотголтой Ч.Ганхуяг “шинэ” хүн гэсэн имиж бүрдүүлэхээр зүтгэж байгаа бол Ц.Цогзолмаа туршлагатай нэгэн болж харагдахыг хүсчээ. Нийслэлийн засаг даргын орлогч, МАН-ын нарийн бичгийн дарга тэрбээр залуу нэр дэвшигчийг өөрт нь тохирох хамтрагч гэж үзээгүй аж.
Ц.Цогзолмаа 2004 онд Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байсан ч ажлаа муу хийсэн гэж хугацаанаасаа өмнө ажлаа өгсөн. Нийслэл хотын хамгийн ширүүн тулаан өрнөдөг гэх Сүхбаатар дүүргийн тойрогт АН-аас хоёр УИХ-ын гишүүн нэр дэвшиж байгаа. Нам дотроо хамтарч чадахгүй ийнхүү өрх тусгаарласан МАН-ын нэр дэвшигчид УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Р.Амаржаргал нартай өрсөлдөх гэж хүч тэнцвэргүйдэж байгаа тухай зарим эх сурвалжууд хэлж байгаа юм.
С.Энхбат



















































