Энэ жилийн сонгуульд МАН, АН гэсэн хоёр том нам бусдаасаа илүү рейтингтэй явааг “Сант Марал” сангийн судалгаа харуулсан билээ. Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн 21-р тойрогт ч мөн МАН, АН-ын гишүүд цойлж байгаа бололтой. Энэ жил Хан-Уул дүүрэгт МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, ерөнхий сайдын зөвлөх Ц.Батбаяр харин АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, ерөнхийлөгчийн зөлөх Ц.Оюунгэрэл нар өрсөлдөж байгаа.
Ц.Батбаяр гишүүн бол 2008 онд Баянзүрх дүүрэгт “Айл бүрт гурван өрөө байр” гэсэн амлалт өгч гарч ирсэн ч тэр нь биелээгүй гэдгийг саналаа өгсөн хүмүүс мэдэж байгаа. Ядаж байхад МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотойгоор АТГ-аас шалгахаар болсон билээ. Тиймээс өмнө нь энэ дүүргийнхэнд ойр дөт байгаагүй Ц.Батбаярыг дэмжигчдийн тоо тийм ч олон биш байгаа аж. Харин ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважавын рейтинг Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийнхэн дунд гайгүй байгаа гэв. Учир нь тэрбээр татварын хуулийг уян хатан болгож, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэдгээ амлаж “чихэнд чимэгтэй” үг хэлж яваа юм. Тэрбээр 2008 онд “Иргэн Б.Лхагважав” гэсэн имижтэйгээр сонгуульд бие даан өрсөлдсөн ч гарч чадаагүй. Харин энэ жил ерөнхийлөгчийн зөвлөх болоод дахин нэр дэвшиж байгаа ч “Иргэн” гэсэн тодотголоо солиогүй яваа юм.
АН-аас нэр дэвшсэн Батлан хамгаалахын сайд асан Л.Болдын талаар энэ тойргийнхон ам сайтай байгаа гэв. Тэрбээр сонгууль дамнуулан ярьж байгаа “Баян Монгол” хөтөлбөрөө Хан-Уулынханд гайгүй сайн ойлгуулж, сурталчилгаагаа ч сайн хийж байгаа тул хоёр мандатын нэгийг сугалаад авах боломжтой байгаа гэж сонгуулийн штабынхан болон зарим сонгогчид нь ярьж байгаа юм.
Харин АН-аас эмэгтэйчүүдийн квотоор орж ирсэн хуульч, ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэлийн хувьд улс төрд орох арай эрт байгаа гэж Хан-Уулын иргэд үзэж байгаа бололтой. Түүнийг хууль, хүний эрх ярихаас илүү бодит зүйл хийгээсэй гэж зарим нь хүсч байгаа аж.
Сонгуулийн санал хураалт эхлэхэд цөөхөн хоног дутуу байгаа тул Хан-Уул дүүргийн олонхи нь сонголтоо ингэж хийсэн байгаа аж. Гэхдээ 6-р сарын 28-ны өдөр л хэн парламентийн суудал авах вэ гэдэг нь тодорхой болох юм.
Т.Гэрэл



















































