Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг өнгөрсөн оны эхээр гарсан. Мөрдөн байцаалтын явцад Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нийт зардлын 80 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн, 2009-2010 онд хэвтэн эмчлүүлсэн гэх нийт 95 мянга орчим хүний 20 мянга гаруй хүнийх нь материал зөрчилтэй байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Үүнийг иргэдэд учруулсан хохирлын хэмжээгээр нь тооцож үзвэл 300 сая төгрөгөөс хол давсан. Тиймээс хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Харин одоо Нийслэлийн прокурорын газарт хянаж байгаа бөгөөд хэрэгт шинжээч томилуулан ажиллуулж эхэлжээ. Хэрвээ шинжээчийн дүгнэлт нь гарчихвал шүүхэд шилжүүлнэ аж.
Б.Чимэг



















































