Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ёстой нэг сая төгрөгийн эх үүсвэр олдохгүй эрх баригчид сандарч байгаа аж. Эхний ээлжинд 330 мянган төгрөг олгосон ч дараагийн 670 мянган төгрөг одоогоор бэлэн биш байгаа юм. Эрх баригч МАН энэ мөнгийг сонгуулиас өмнө өгөх гэж энд, тэндээс мөнгө хайж байгаа сурагтай. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж мөнгө босгохоор аж ахуйн нэгжүүдэд санал тавьж эхэлжээ. Компаниудын хувьцаа худалдан авах дээд лимитийг 36.240 ширхэгээр тогтоож мөнгөн дүнгээр 33 сая 818 мянган төгрөг болсон. Хувьцаа худалдаж авах аж ахуй нэгжүүдийг бүртгэж эхлэхдээ хугацаа заагаагүй атлаа сүүлийн үед компаниудыг мөнгөө хурдан төлөхийг шаардаж байгаа талаар мэдээлэл байна. Хувьцаа худалдан авах аж ахуйн нэгжүүдийн саналыг энэ сарын 28-ны дотор авах үүргийг харъяа татварын хэлтсүүдэд өгчээ. Аж ахуйн нэгжүүдийг шахаж, хувьцаа худалдаж мөнгө босгох МАН-ын ядарсан арга энэ аж. Мөн Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой” компанитай гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авсан гэх мэдээлэл ч байна. "Эрдэнэс Тавантолгой МГЛ"-ын ТУЗ-ын дарга н.Заяабал “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийг худалдах гэрээний төлбөр хэмээн 180 орчим тэрбум төгрөг өгсөн гэх мэдээ сүүлийн үед чих дэлсэх боллоо.
Зууны мэдээ 2012.06.18



















































