Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 670 мянган төгрөг эх үүсвэргүй байгаа билээ. Гэвч сонгуулиас өмнө өгөхийн тулд Ардын нам бэлэн мөнгө хэвлэхээр “захиалга” өгөөд байсан ч хойшилогджээ. Харин хувьцаагаа мөнгөжүүлэхийг хүссэн иргэдийн өргөдөл дээр үндэслэн аж ахуй нэгжүүдийг хувьцаагаа худалдаж авахыг шахсан гэх мэдээлэл өчигдөр ирсэн юм.
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэсээс аж ахуй нэгжүүд рүү утас цохиж, хувьцаа худалдан авах бол нэн даруй мөнгөө шилжүүлэхийг үүрэгдсэн гэнэ. Энэ талаар татварын хэлтэсээс тодруулга авах гэсэн боловч “Бид мэдээлэл өгөхгүй. Татварын ерөнхий газраас асуу” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Харин Татварын ерөнхий газрынхан энэ талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэв. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн үгүйсгэсэнгүй. Гэхдээ албаны хариулт олдоогүй юм. Манай сонинд ирсэн мэдээллээр аж ахуйн нэгжүүдээс 30 сая төгрөгийг хувьцааны төлбөр хэмээн шаардсан аж.
Дээрх мэдээллийн дараахан “Эрдэнэс Тавантолгой МГЛ" Засгийн газартай гэрээ байгуулж, гэрээнийхээ урьдчилгаа мөнгийг авсан гэх мэдээлэл ирсэн юм. "Эрдэнэс Тавантолгой МГЛ"-ийн ТУЗ-ын дарга Заяабал “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийг зарах гэрээний төлбөр хэмээн 180 орчим тэрбум төгрөг Засгийн газарт өгөх зөвшөөрөл өгсөн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, 280 тэрбумын ихэнхийг нь “Эрдэнэт” үйлдвэрээс, үлдэснийг нь “Okean partners” компаниас гаргаж магадгүй гэсэн таамаглал гарч байна.
Нийгмийн толь 2012.06.18