Дархан-Уул аймагт өнөөдөр ахмадуудад зориулсан автобус үйлчилгээнд гарлаа. 25 хүний суудалтай, дунд оврын уг автобус ахмадуудад үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Ахмадууд эхний ээлжинд иргэний үнэмлэхээ үзүүлэн зорчих юм. Энэхүү автобусыг худалдан авах төлбөрт 60 сая төгрөг төсөвлөсөн бол жолооч нарын цалин хөлс, шатахуун, засварын хөлсөнд 26.1 сая төгрөгийн төлөвлөж, орон нутгийн төсөвт суулгаж, шийдэж өгсөн байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 7300 орчим өндөр настан байдаг. Тэдний зүгээс байнга тавьж байдаг нэг санал нь тэдэнд үйлчлэх тусгай унаа байжээ. Тэгвэл энэ хүсэл нь биелэлээ олж орон нутгийн төсвийн гүйцэтгэлээр эхний ээлжний автобус үйлчилж эхэллээ. Уг нь хуваарийн дагуу тус автобус энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн үйлчилгээнд гарах байсан ч тендер хүчингүй болсон шалтгаанаар хойшлоод байжээ.
Д.Ундрах



















































