МоАХ нийт монголчууд, сонгогчиддоо хандаж байна

Үндэсний тусгаар тогтнол, 1990 оны Ардчилсан хувьсгалаар бидний тэмцэн байж олсон эрх чөлөө, шударга ёс, ардчилал маань алдагдаж, ард иргэдэд худал амлан байж төрд сонгогдон мэдээлэлд, эрх мэдэлд ойр очсон байдлаа ашиглан язартлаа баяжсан төрөөс төрсөн тэрбумтнууд гадаадын асар их мөнгөөр дамжин орж ирж буй сонирхол, бодлогын тоглоом, гар хөл болон хувирч байгааг зогсоох мөч ойртлоо.
Эх орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх аливаа санал санаачлага бүхэн эсэргүүцэлтэй тулгарч, ямар ч үнээр хамаагүй баяжих дон шүгэлсэн авилгачид, луйварчид, пост-коммунистууд улс орны эрх мэдлийг атгаж гадна дотны олигархиудын заавраар утсан хүүхэлдэй мэт хөдөлж байна. Цөөнхид монголын баялаг төвлөрчээ. Монгол банкны тайлангаас харахад хадгаламжид байгаа нийт мөнгөний 3 хувийг хүн амын 98 хувь нь эзэмшиж байна. Харин цөөнх болсон 2 хувийн олигархиуд нийт мөнгөний 97 хувийг эзэмшиж байна. Гэтэл Үндсэн хуулинд заахдаа “газрын дорхи баялаг бүх ард түмнийх” гэжээ. Энэ байдлыг өөрчлөх, шударга ёсыг сэргээх цаг болж байна.
Шинэ нийгмийг хуучин хүчнээр удирдуулж, өөрчилж, хөгжүүлж болдоггүйг сүүлийн 22 жилд Монголд нүүрлэсэн дампуурал, ядуурал, гуйланчлал, ажилгүйдэл, архидалт, авилга хээл хахуулийн өсөлт, хөгжлийн мухардалт харуулж байна.
Учир иймд МоАХ эх орондоо эрх зүйт төртэй, шударга ёсыг хэм хэмжээгээ болгосон хүмүүнлэг ардчилсан, иргэний нийгмийг жинхэнэ ёсоор цогцлоох сонгуулийн ариун тэмцэлд нэгдэн нягтрахыг Монголын ард түмэндээ уриалж байна. Саналаараа тэмцье! Ардчилсан намыг олонхи болгож, олуулаа хөгжих замаа засъя.
Монгол хүн улсынхаа жинхэнэ эзэн нь байж, баялгаа хэнээс ч асуухгүйгээр олборлон, эзэмшиж, хуваарилаж үр шимийг нь бодитойгоор хүртдэг байх тэр сайхан боломжийг хуульчилан, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг амьдралын наад захын хэм хэмжээ болгон, Ардчилсан Үндсэн хуулийн заалт бүрийг гуйвалтгүй даган мөрдөж Монгол орныхоо тусгаар тогтнол, үсрэнгүй хөгжил дэвшил, сайн сайхан тайван амьдралын төлөө тэмцэцгээе!
Өнгөн дээрээ ард түмний талд мэт шударга царайлсан цаагуураа амин хувь, явцуу бүлгийнхээ төлөө үхэн зүтгэдэг цөөн хэдэн луйварчдыг сонгуулийн замаар төрөөс зайлуулцгаая.
Монголчууд аа! Сонгогчид оо !
Та бүхнийг “Сонгуулийн ариун хувьсгал”-д ахин уриалж байна.
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО
Та бүхнийг “Сонгуулийн ариун хувьсгал”-д ахин уриалж байна.
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО