Кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Мөн уг хэрэгт түүнтэй хамтран ажилладаг арав гаруй хүнийг сэжигтнээр шалгаж байгаа. Харин түүнийг саатуулсаныг Г.Бадамрагчаагийн ар гэрийнхэн болон найз нөхөд, хамт ажиллагсад нь улс төрийн зорилготой, хэлмэгдүүлж байна хэмээн өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараа ТЕГ-ын хэвлэлийн албанаас “ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл ангиар Г.Бадамрагчаа нарт холбогдох хэргийг шалгаж эхэлсэн. Энэхүү хэрэг, хуулийн хүрээнд, прокурорын хяналтад шалгагдаж байгаагийн зэрэгцээ уран бүтээлтэй нь холбогдуулж, эсвэл улс төрийн бусад шалтгаанаар баривчилсан гэх яриа үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан учир хэрэг үүсгэн, болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч Г.Бадамрагчааг баривчилсан юм. Баривчилгааны үеийн ажиллагаа мөн мөрдөн байцаалтын явц хуулийн хүрээнд явагдаж байцаалт болгонд өмгөөлөгч нь оролцож байгааг энд дурдах нь зүйтэй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Г.Бадамрагчаа нарын хэрэг нь зохион байгуулалттай бүлэг гэдэг утгаараа ноцтой хэрэг гэдгийг онцлон тэмдэглэж байв” гэлээ.
Б.Чимэг



















































