"Тэнэгүүдийг хагацуулах хялбар
Эвлүүлэх бэрх
Мэргэдийг хагацуулах бэрх
Эвлүүлэх хялбар" хэмээн хуучин сударт сургажээ.
Бидний байдал өнөөдөр хагацахдаа хялбар, эвлэхдээ бэрх болжээ. Эвлэх шалтгаан уул мэт цаана нь дүнхийсээр буй атал наана нь буй өргөс мэт өчүүхэн өөнөөс үүдэн нэг нэг өөдөө ноцон асах нь намрын өвсний түймэр мэт. Бархиран дайрах нь улай үзсэн хэрээ мэт. Бид хэн болчихоо вэ? Юунаас үүднэ вэ? Нэг л юм буруу болчихож... Буруу эхлүүлчихэж.
Бид хэзээнээс ийм эрлийз мэт ойрхон харж, зуурхан үйлддэг болоо вэ? Язгуураасаа л хувьд ийм байсангүй шиг билээ.
"Уудам сул жаргая гэвээс эеэ хичээ" гэж өвгөд сурганам. Уг нь бид бүгдээрээ л уудам сул жаргахсан гэж тэмүүлэн хүсэх атлаа эеэ хичээх тухайд ер сэтгэх, санах нь огт үгүй.
"Хоёр хүн эв үгүй бол хөндлөнгийн хүний идэш болно" гэдгийг бид мэдсээр атлаа л хөндлөнгийн хүний идэш болох нь. Хамаг сайхан орд баялгаа алдахдаа тулж, газар нутгаа барьцаалахдаа хүрчээ. Нэг л юм болохгүй байна даа...
Энэ яваа насныхаа утга учирыг идэж уух, эдэлж хэрэглэх төдийгөөр хязгаарлан хардаг нь олон болчихоор тийм байх шиг.
Сэцэн ярьж, охор бодож, түргэн шийддэг хүмүүс нь олон болчихоор тийм байх шиг. Зарчимыг бус ашгийг эрхэмлэх нь ихэнх болчихоор тийм байх шиг.
Үгүй ядаж жаахан эрүүл сэтгэж, эргэцүүлж боддогчууд нь нэгдэж, эвлэн санаачилгыг гартаа авмаар санагдах...
Б.Наминчимэд