
Дархан цаазат Хустайн нурууны цогцолбор газраас хууль бусаар 13 буга агнаж, чив, сав, сүүл, эврийг нь авсан хэрэг гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар хамтарч ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Мөн 14 хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул дархад хочит Э.Бямбаагийн хууль бус ангийн эд эрхтний наймаа эрхэлдэг сүлжээ бүхий бүлэглэлийг саатуулсан. Тэдний бүлэгт багтах Д.Дашзэвэг, Т.Тугбаатар, түүний эхнэр Н.Нарангэрэл, эгч Н.Нарантуяа нарыг мөн саатуулаад байгаа. Тэдний гэр болон хашаан доторх чингэлэгээс 300 гаруй ан амьтны эд эрхтэн гарсан байна. Тодруулбал 2.7 тонн бугын эвэр, 102 ширхэг сүүл, 22 ширхэг бугын чив, 20 ширхэг баавгайн савар зэргийг хурааж авсан юм. Тэд эхнээсээ хэргээ хүлээж эхэлсэн тухай албаны хүмүүс мэдээлж байна.
Ц.Болор