
Засгийн газрын 201 дүгээр тотоолоор худалдан авах хувьцааны төлбөрийг 2012 оны долдугаар сарын 1-нээс өмнө төлсөн аж ахуйн нэгжүүдэд худалдахаар заасан. Худалдан авах хувьцааны дээд хэмжээ 36240 ширхэг бөгөөд худалдах нэгж хувьцааны үнэ 933 төгрөг. Хувьцааг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр буюу өмнө байгуулагдсан, мөн өдрөөс өмнө болон хойших хугацаанд аль нэг төрлийн татвар төлсөн, үндэсний аж ахуйн нэгжүүд авах эрхтэй.
Хувьцаа худалдан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд худалдан авах хувьцаанд ногдох үнийн төлбөрийг шилжүүлэхдээ төлбөр хүлээн авагч банк “ҮЦТТТХТ”, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” дансны дугаар 3603005, гүйлгээний утга “Эрдэнэс таван толгой ХК-ний хувьцааны үнэ гэж шилжүүлэх аж. Уг дансанд төлбөрийг байршуулсны дараа хувьцааг худалдан авах эрх нээгдэх юм байна.
Гэхдээ хувьцаагаа захиалсан боловч, хувьцаа худалдан авах төлбөрөө өнөөдөр амжиж хийгээгүй тохиолдолд захиалга хүчингүй болох аж. Иймд өнөөдөр аймаг, орон нутгийн татварын албад өнөөдөр орой 21.00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Тиймээс татвар төлөгч та бүхэн өөрийн татвар төлөгчийн бүртгэлээр харъяалагдах татварын албанд хандаж хувьцаа худалдан авах захиалгаа яаралтай өгөхийг Татварын ерөнхий газраас санууллаа.
Б.Чимэг