Уугуул соёлыг тээгчдийн чуулган маргааш өндөрлөнө

Филиппиний Багуй хотод энэ өдрүүдэд Олон улсын уугуул соёлыг тээгчдийн чуулган “Уугуул мэдлэгийг дэлхийн мэдлэг болгоё” уриан дор болж байгаа юм. Энэхүү чуулганд Японы Айну, Америкийн индианы соёлыг тээгчид болон Тайланд, Вьетнам, Филиппинийн 100 гаруй омог аймгийн төлөөлөл оролцож байгаа аж. Мөн уугуул соёлыг судалдаг Америк, Канад, БНСУ, Японы их, дээд сургуулиудын эрдэмтэд оролцож, шинжлэх ухааны болон уугуул соёлыг хариуцсан судалгаануудаа танилцуулж байна. Монголын соёл яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо тус чуулганд зочноор уригдсан бөгөөр тэрбээр илтгэлдээ “Үгийн шидэт эрчмээр хөлөглөж, уугуул соёлтойгоо угтах ирээдүй рүү зочилцгооё” хэмээн уриалсан байна. Мөн тус улсын их сургууль болон”Уул, үүл” хэмээх номын дэлгүүрт Г.Мэнд-Ооёо зохиолчийн яруу найргийн уншлага болж, түүний шүлгээр бичсэн монгол калиграфийн үзэсгэлэнг толилуулсан байна. Чуулган маргааш өндөрлөх юм.
Д.Ундрах 24tsag.mn