Японы “Иточү” корпораци гал унтраах машин нийлүүлнэ

Япон улсын Гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжийн төвөөс зохион байгуулсан “Улаанбаатар хотын гал унтраах автомашин техник тоног төхөөрөмжийн чадавхийг дээшлүүлэх төсөл”-ийн хурал боллоо. Энэхүү төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийн ажиллагаанд ОБЕГ-ыг төлөөлөгчид оролцоод ирсэн байна. Төслийг хэрэгжүүлэгч байгууллагыг сонгон шалгаруулах тендерт Японы “Иточү” корпораци шалгарсан бөгөөд ОБЕГ тус корпорацтай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тендерийн материал, хамтын ажиллагааны гэрээний эх хувийг Япон Улсын Техник хамтын ажиллагааны агентлагт танилцуулсны дараа Монгол дахь Жайкагийн суурин төлөөлөгчийн газраар дамжуулан ОБЕГ газарт ирүүлэхээр тохиролцсон аж. Энэхүү төслийн хүрээнд гал унтраах тусгай зориулалтын 22 автомашин Онцгой байдлын албанд нийлүүлэгдэх юм. Гэрээнд зааснаар “Иточү” корпораци тус машинуудыг 2013 оны 06 дугаар сард багтаан Монгол Улсад хүлээлгэн өгөх ёстой гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn