Азийн элсний спортод оролцсон тамирчдыг хүлээж авлаа

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн БНХАУ-ын Хайнань хотноо болсон Азийн элсний спортын гуравдугаар наадамд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчдыг удирдлагын хамт хүлээн авч уулзлаа. Манай сагсан бөмбөгчид уг наадамд анх удаагаа оролцсон ба Бутан, Катар, Энэтхэг, Бангладешийн багийг хожиж, Тайландын багт хожигдсоноор хүрэл медаль хүртсэн билээ. Багийн бүрэлдэхүүнд Ш.Сэдбазар, О.Сэргэлэн, Д.Дэлгэрням нар багтсан бөгөөд Д.Энэбиш дасгалжуулагчаар ажилласан юм. Азийн элсний спортын анхдугаар наадам 2008 онд Индонезийн Бали аралд болж, элсний бөхийн тамирчин Т.Энх-Амгалан алтан медаль хүртэж байсан бол удаах нь Оманы Мускат хотноо болж байсан юм. Манай улсын баг гурав дахь удаагийн энэхүү наадмаас хүрэл медаль хүртсэнээр Азийн 45 орноос 18-р байранд орсон билээ.
Д.Ундрах 24tsag.mn